Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн энэ өдөр Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нээлтээ хийлээ.
Үзэгчдэд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхэн хөгжлийг харуулсан “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Язгууртан өв” хүндэтгэлийн тоглолтыг толилуулж, Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан 10 хөгжим бүхий “Их Монгол” цомгийн дээжээс хүндэт зочдод гардуулав.
Чингис хаан Үндэсний музей нь “Хаан найрал” чуулгын 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгийг урлахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгуулж, оюуны бүтээлүүдийг нэгтгэн, ордны хөгжмийг олон нийтэд таниулан сурталчлах өргөн цар хүрээтэй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан билээ.
“Хаан найрал” чуулгын хөгжмийн зэмсгүүдийг Монгол нутгаас илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Монгол, Их Юань улсын судар, Лигдэн хааны ордны дуу хөгжмийн “Зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн эмхэтгэл” зэрэг бичгийн эх сурвалжууд, XIII зууны үеийн Персийн уран зураг гэх мэт эртний дүрслэх урлагийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн түүхийн баримт мэдээнүүдэд суурилан, яг тэр үеийнх нь хэлбэр дүрс, хэмжээ, материалаар Монгол Улсад анх удаа иж бүрнээр нь сэргээн урласнаараа онцлогтой.
Мөн хөгжимчдийн хувцас хэрэгслийг ч хөгжмийн зэмсгийн нэгэн адил археологийн олдвор, бичгийн сурвалж, судалгаанд суурилан сэргээн бүтээсэн хэмээн Чингис хаан Үндэсний музейгээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.