ӨМӨЗО-ы Чифэн хотод амьдардаг 20 настай Зоу Синьюэ бүсгүй зэрлэг чононуудыг гэршүүлэн тэжээж иржээ. Түүний харж ханддаг найман чоно гэрийн тэжээвэр ноход шиг өсч, зэрлэг догшин зангаа гээсэн мэт харагдана. Энэ талаар баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, гэрэл зураг хэдийнээ үзэгч, уншигчдыг гайхшруулсан.
Чоно тэжээдэг бүсгүйн содон үйлдэл үүгээр зогссонгүй. Монгол дээлтэй Зоу тэжээвэр чононуудаа хооллохдоо амаараа хоол дамжуулж буй бичлэг цахим ертөнцийг шуугиулаад амжив.
Хятадын өдөр тутмын сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Зоу “чононуудаа үржүүлгийн газраас авсан, тэнд халдваргүйжүүлэх вакцин, тарилга хийлгэсэн” гэжээ. Тахиа, хонины махаар бүсгүй чононуудаа хооллодог ба хооллох бүртээ цаг орчим хугацаа зарцуулдаг байна. Өдөрт хоёр удаа хооллоход 10 кг мах ордог аж.
“Чононуудыг амаараа хооллох нь тэдэнтэй сэтгэлзүйн харилцаа тогтооход тусалдаг” гэж Зоу ярьжээ. Мөн “Заримдаа тэд их сахилгагүй болчихдог, хоолоо идэж байхад нь цохих үе гардаг. Чононуудад самардуулсан тохиолдол байдаг ч ихэнхдээ санамсаргүйгээр ийм явдал болдог” гэжээ.
Зоугийн хувьд чонотой хамт байх нь тийм ч содон сонин зүйл биш. Тэрээр чоно тэжээгээд дөрвөн жил өнгөрчээ. Өмнө нь авга ахындаа чононууд өсгөж байхдаа тэдэнтэй харьцах авьяастай гэдгээ мэджээ. Чоно тэжээдэг бүсгүй Эко-аяллын компанид ажиллаж эхэлсэн ба сард 3,000 юань буюу 435 ам.долларын цалинтай болжээ. “Чонотой хамт ажиллах нь цалин мөнгөний төлөө биш” гэж ярьсан байна.
Эх сурвалж: www.scmp.com