СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-24

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгаа Монгол Улсад анх удаа хийгджээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 сарын өмнө

Монголын ард түмэн 1992-2020 онд нийт найман удаа парламентад өөрийн төлөөллөө сонгосон. Үүгээрээ бид сонгох, сонгогдох эрхийн асуудал дээр тодорхой мэдээлэл, боловсролтой болсон. Гэвч “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгогдох эрх” орхигдсоор ирсэн юм.

Өнөөдөр бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж хүчтэй ярьж улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвших квот тогтоон хуульчилж өгсөн. Тэгш эрхийн асуудал нь зөвхөн хүйсийн асуудал биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийн асуудал ч хамаарагдах ёстой.

УИХ-аас парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож нэмэгдүүлэн, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Тиймээс нийгмийн бүлгийн төлөөллийн нэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх, улс төрийн оролцоог хангах зорилгоор Монгол Улсад анх удаа энэ төрлийн судалгааг хийжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаж байгаа эсэх, тэрхүү эрхээ эдлэхэд тулгамддаг асуудлыг олж илрүүлэх, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгааг МАН-ын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн” хийсэн бөгөөд өнөөдөр олон нийтэд танилцуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийн судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулсан бөгөөд судалгааны тайлан гурван хэсгээс бүрджээ.

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх заалттай. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөөр ирснийг судалгааны үр дүн харуулжээ.

Судалгаанд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог эергээр дэмжсэн байна. Тодруулбал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг парламентад нэр дэвшүүлбэл дэмжих үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 80 хувь нь “Нэр дэвшигч ямар хүн байх нь чухал биш. Нэр дэвшигчийн мэдлэг, боловсролыг харж, дэмжинэ” гэж хариулсан байна. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтад оруулахыг ч судалгаанд оролцогчид дийлэнх нь дэмжсэн хариулт өгчээ.

Өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшиж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн бололцоо, улс төрийн намын дэмжлэг байхгүй нь тулгамдсан асуудал болж байжээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрд нэр дэвшихэд сонгуулийн хороо нь хариуцдаг гадны туршлага байдгийг МАН-ын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-ийн захирал Х.Баасанжаргал Шинэ Зеланд, БНСУ-ын туршлагаар жишээлэн танилцуулж, манай улсын хувьд ч СЕХ хариуцах зохицуулалт шаардлагатай гэдгийг онцолж байв.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх” судалгааны танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, судалгааны үр дүнг МАН-ын удирдлагын баг, гишүүд, АН, ХҮН бусад улс төрийн нам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, хэлэлцүүлэх замаар санал, зөвлөмжийг нь авлаа. Мөн тус хүрээлэнгийн хийсэн энэхүү судалгаа хөгжлийн  бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд тулгамддаг асуудлыг олж илрүүлэх, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхэд чиглэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.