Түүх, соёлын дурсгалт зүйлс болох бурхад, ном судар, хэт хутга, бэл, цахиур, модон барын дардас зэргийг хилээр гаргахыг завдсан С.Хорлоо гэдэг хүнд холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор автомашинд таван судар, 10 төрлийн зурмал бурхад, хэт хутга, бэл, цахиур, хутганы хуй зэргийг хил давуулж өмнөд хөрш рүү гаргах гэж байгаад хил, гаалийнханд саатуулагдсан аж. Түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу хэрэг нээн шалгасан байна. Улмаар Замын-Үүд сум дахь Прокурорын газраас С.Хорлоод яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг уржигдар Сум дундын шүүх хэлэлцсэн гэнэ. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт заасан түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, 11 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн түүний хилээр нэвтрүүлэхийг завдсан, эд мөрийн баримтаар хураасан XVIII-XIX зууны үеийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Тэгвэл Замын-Үүд сум дахь Прокурорын газраас түүх, соёлын дурсгалт зүйл хилээр нэвтрүүлэхийг завдсан өөр нэг хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ оны гуравдугаар сард Л.Батлай, Б.Энхжаргал нар 34 нэр төрлийн түүх, соёлын дурсгалт зүйл хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. Уг хэргийн нэг яллагдагч Б.Энхжаргал өмнө нь бас ийм эд зүйл нэвтрүүлж байсан аж. Тэдний хил нэвтрүүлсэн эд зүйл дотор шавар болон гуулин бурхад, олон тооны судар, ном, шастир, зоос, сангийн бойпор зэрэг багтжээ. Тиймээс эл хоёр иргэнд Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт заасан түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлээд буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.