Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д энэ оны долоодугаар сард албан ёсны айлчлал хийсэн.
Энэхүү айлчлалаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан юм.
Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэж хоёр тал үзэж буй юм.
Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзаж, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Монгол - Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцсон байна.
Ирэх 2024 оны тавдугаар сард энэхүү нислэгийг амжилттай эхлүүлэхэд талууд хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.