Цаг үеийн зарим асуудлаар Хотын дарга Х.Нямбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийслэл хот гарцаагүй зуухаа солих шаардлагатай 82 мянган айл өрх байна гэсэн судалгаа гарсан. Дандаа зуухны аюулгүй байдал алдагдсан айл өрхүүд угаарын эрсдэлд өртөж байна. Иймд 1.7кв буюу ус буцалгагчийн хэмжээний эрчим хүч зарцуулдаг 20 мянган зуухыг нээлттэй тендер зарлаж авъя гэж байгаа. Харин үлдсэн айл өрхүүдийн зуухыг нийслэл өөрөө шинэчилж өгье. Ингэхдээ гуравласан гэрээ байгуулна. Хороо, нийслэл, иргэн гэсэн. Зарахгүй, хөдөө өгөхгүй гэж гэрээнд тусгаж өгнө. Үндсэн стандартыг мэргэжлийн байгууллагуудаас авна гэж төлөвлөсөн.
Нийтийн тээврийн өдрийн нэг удаагийн сэлгэлт 30 минут байгаа, харин өдөржин 1000 төгрөгөөр хэдэн ч удаа дамжин суух боломжоор хангана. Нийтийн тээвэрт богинын рейсийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ автобус ороод ирэхээр 900-950 гаралтыг 1300-д хүргэхээр төлөвлөж байна. Ирэх сарын нэгнээс энэ асуудлыг хийхээр төлөвлөж байна. Хөдөлгөөн зохицуулалт, чиглэл маршрут өөрчлөгдөнө. Оргил ачааллын үед хөдөлгөөн зохицуулалтыг ухаалаг байдлаар шийдэхийг хичээж байна.
Нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог гэсэн судалгаа байдаг. Нийтийн тээврээр цагдаагийн байгууллагын ажилтнууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд үнэ төлбөргүй зорчдог. Тэгвэл эдгээр иргэдийн татаас мөнгийг бид нийтийн тээврийн газруудад өгөөд байдаг. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдэд тусгай карт олгоно. Ингээд хичнээн иргэд тухайн чиглэлээр үйлчлүүлж байгааг тооцоолж гаргах боломж бүрдэнэ.
Нийслэлтэй Улаанбаатар смарт компани ямар ч тендергүйгээр 30 гаруй жилийн гэрээ байгуулсан юм билээ. Ийм асуудал энэ дэлхийд бараг байхгүй байх. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй, бүх орлогын 10 хувийг ямар нэг болзол нөхцөлгүйгээр авдаг, программ хөгжүүлэлтээ хийгээгүй, аудитаар ороогүй гэх мэт зөрчлүүд байна. Гэрээг дуусгавар болох хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тус компани асуудал яривал бид ч бас хохирол асуудлаа ярина.
Төлбөртэй бүс тогтоох асуудлаа хуулийн төслөөс татсан.
Ногоон автобус авахын тулд 130 тэрбум төгрөг урьдчилгаанд шилжүүлсэн байдаг. Бид 77 тэрбум төгрөгийнхөө авлагад Тэнүүн-Огоо ХК-ийн нэр дээр байгаа байгууламжийг зарж борлуулж, тус мөнгөөр нь нийслэл хохиролгүй болж, шинэ автобус худалдан авна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.