СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴"Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран  зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендерийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцож байна.

Нэгдсэн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, улс төр судлалын доктор Ph.D Ц.Мөнхцэцэг даргалсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа юм. Мөн хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилго нь парламентын ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй байж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бид бүрэн хангаж ажиллах учиртай. Энэ талаар бид ямар мэдрэмжтэй байж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж байгаагаа үнэлж, цаашид яаж сайжруулахаа тодорхойлоход парламентын өөрийн үнэлгээ чухал нөлөөтэйг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын дарга Монгол Улсын парламентад энэхүү үнэлгээг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллаж байгаа Олон Улсын Парламентын Холбоонд гүн талархал илэрхийлээд тус холбоо дэлхийн улс орнуудын парламентуудтай хамтран ажиллаж, 2010 оноос Швед, Их Британи, Турк, Чили, Кени, Гүрж зэрэг 10 гаруй улсын парламентууд жендэрийн тэгш байдлыг хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийхэд тусалсан. Энэ удаа Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болж байгаа бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, Олон Улсын Парламентын Холбоо нь дэлхийн парламентуудын өөр хоорондоо хамтран ажиллах, сайн туршлагаа солилцох боломжийг олгодог нөлөө бүхий институц билээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бататган бэхжүүлэх чиглэлээрх Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлтыг тус холбоо үргэлж дэмжин, тусалдагт талархаж байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ удаагийн Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдлэгч парламент байж, батлан гаргаж буй хууль бүхэндээ хүний эрхийг амин сүнс болгон тусгахаа зарлан тунхагласан. Иймд өөрийн үнэлгээгээ хийж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангаж, хамгаалж ажиллах мэдрэмж, чадвараа дүгнэн, цаашдын арга замаа тодорхойлох нь нэн чухал байгаа юм. Бидний түүчээлэн эхлүүлж байгаа энэхүү ажил дэлхийн аль ч парламентад туршлага, нэмэр тус болох аваас бид хуваалцахад бэлэн гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. 

Үргэлжлүүлэн Oлон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг энэ удаагийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны наймдугаар сард манай хоёр байгууллагын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг нь илүү хүчирхэг парламентыг төлөвшүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үнэт зүйл, зорилтуудыг онцолсон гэдгийг тодотгоод 2022 оны арван нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг сайжруулах талаарх Белградын зарчмуудыг хэлэлцсэн уулзалт, семинарыг амжилттай зохион байгуулснаар энэхүү санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байгааг тодотгов.

Мөн тэрбээр, Өөрийн үнэлгээ нь парламент дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, бүхий л үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажиллах арга замуудыг тодорхойлох боломжийг олгох сайн туршлага, алдаа дутагдал, сургамжийг бий болгох онцгой боломж юм. Энэхүү  дотооддоо эргэцүүлэн тунгаах ажил нь парламентуудын жендэрийн мэдрэмжтэй эсэх, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ механизмыг парламент дотор бүрэн мэддэг, парламентын үйл ажиллагаа, дэг, бүтэц зэрэгтэй хэрхэн нийцэж байгааг үнэлэх боломжийг олгох зорилготой. Өөрийн үнэлгээ нь парламентуудыг эрэмбэлэх, жагсаах бус харин институцыг шинэчлэх, цаашид сайжруулах асуудлаар тэргүүлэх чиглэлээ тодорхойлохын тулд давуу, сул талаа олж харахад туслах зорилготойг онцлон тэмдэглэж байлаа.  

Үргэлжлүүлэн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээг хоёр өдрийн турш хийхээр болсон нь хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал алхам гэдгийг тэмдэглээд аль ч улс орны парламентад энэхүү сэдэв нь  маш чухал  асуудал байдаг гэдэгт  хүн бүхэн санал нэгдэх байх гэж байлаа.

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын парламент энэ асуудалд манлайллаа харуулж, өөрийн үнэлгээг хийх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд хэлэлцүүлэгт оролцогчид болон парламентын гишүүдийн оролцоо өндөр байх тусам хэрэгжилт нь сайн байдаг гэж үздэгийг онцлоод энэхүү үйл ажиллагааны үр дүн өндөр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын парламент хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийх энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Олон Улсын зөвлөх  Мариана Дуарте, Мэг Манн, Ботанья Ламхарзи болон үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан, М.Батбаатар, Б.Долгор нар илтгэл тавихын зэрэгцээ салбар хуралдаануудыг чиглүүлэн ажиллах юм. 

Ингээд нэгдсэн хэлэлцүүлэг “Хүний эрх, жендэрийн  эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг”, “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин”, “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг тодорхойлох нь”, “Хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь” сэдвийн  хүрээнд танилцуулах хэсгүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.