Монгол улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, дэд хурандаа С.Тайван мэдээлэл өгөв.
Тэрбээр "2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Тикток платформ дээр "Цахим ертөнц" нэртэй хаягаас дийпфейк буюу хуурамчаар хүний мэдээлэл нүүр царай, дуу хоолой өөрчилдөг программ ашиглан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн "Дэлхийн нийслэл Хархорум" нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж, хятад хэлээр ярьж буй мэт болгосон. Уг 38 секундийн бичлэгээ БНХАУ-ын ӨМӨЗО-нд үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" гэсэн пейж хуудсаар олон нийтийн сүлжээнд цацсан.
Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар нь цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд тухайн этгээдүүдээс сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан.
Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд М, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.