“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан хэргээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдийг өнөөдөр шүүх юм.
Харин дээрх хэргийн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын хэрэгт холбогдсон хүмүүсээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарын хэргийг тусгаарласан байна. Учир нь эдгээр хүмүүс нь гадаад улс руу оргон зайлсан тул хуулийн байгууллага тусгаарлаж, дээрх нэр бүхий 20 хүнд холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлгийг хийх юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхийг бусдад шилжүүлэхдээ хууль зөрчиж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгасан.
Харин ХХБ-ны ТУЗ-ийн дарга “Сахал” Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн 20.3.1 дэх хэсэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, ЭХ-ийн 22.1.2 дахь хэсэг, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа бол “Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 20.3.1 дэх хэсэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэмээн хуулийн байгууллага шалгаж буй юм.
Дээрх гурван хүнийг Хууль зүйн дотоод хэргийн яамнаас эрэн сурвалжилж, “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд эх оронд нь албадан авчирж, шалгахаар ажиллаж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.