СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2023-11-20

Жанжин Д.Эрдэнэбилэгийн Жаатай луйвар

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хэрэв та Монголд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол хөлгүй баяжих гэдэг алга урвуулахын дайтай амархан болсон цаг юмсанж. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэтийн 49 хувь”, Хөтөл “Цемент шохой” компаниудыг цөлмөсөн арга ажиллагааг шүүрдэж үзэхэд өөрийн эрхгүй ийн бодогдоно.

Тэдгээр хүмүүст нэг технологи байна.

Төрийн өмчит үйлдвэрийн удирдлагыг ямар нэг аргаар авна. Мэдээж ийм тийм юм бүтээнэ байгуулна хэмээн аманд уран хөхөө шиг донгодно. Харин үйлдвэрийн удирдлагыг нэгэнт гартаа оруулаад авангуутаа үйлдвэрийг тэр чигт нь, ирээдүйд олох орлоготой нь Хөгжлийн банк юм уу, банкуудад барьцаалж их хэмжээний зээл авна. Өчүүхэн хэсгийг нь үйлдвэрт дусаагаад юм хийсэн дүр эсгэсэн байхад цаашдын зам шулуун, дардан болох аж.

Яг л ийм дүр зураг Хөтөл “Цемент шохой” хувьцаат компанийг дайрчээ.

ХХБ-ны эзэн, Жанжин хэмээх Д.Эрдэнэбилэгийн зохиосон энэхүү схем хар тамхины картелийн босс Эль Чапод ч хичээл болохоор аж. Энэ хэрэгт Монгол Улсын сортой бүхэнтэй холбогдож явдаг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга гараа нэлээд гүн дүрсэн байхыг харах уйтай.

Тэднийг шүүх шударгаар шүүж чадах болов уу?

Монгол Улсын Их хурлаас Хөтөл “Цемент шохой” хувьцаат компанийг хувьчлахгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах шийдвэрийг 2010 оны хоёрдугаар сард гаргаж байв. УИХ-ын энэхүү тогтоолыг гардан гүйцэтгэх байгууллага нь тухайн үеийн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам болж таарсан ба тухайн үед сайд байсан Халтмаагийн Баттулгад энэ нь хямдхан өгөөш болж харагдсан бололтой юм. Эсвэл, магадгүй тэрээр энэ шийдвэрийг захиалсан байхыг ч үгүйсгэхгүй.

Цагтаа өөрийнх нь жолооч байсан ч гэж яригддаг ХХБ-ны Д.Эрдэнэбилэгтэй үгсэн хамсаж энэхүү үйлдвэрийг өөрийн болгохыг ихэд хичээжээ. Яг тэдний хооронд юу яригдсан нь удахгүй болох шүүх хурлаар яригдах нь гарцаагүй. Ямартай ч тэдний ул мөр энэхүү хэргийн хаа сайгүй тамгалагдан үлджээ.

Сайд Х.Баттулга 2011 оны нэгдүгээр сард ажлын хэсэг томилох тухай тушаалыг тухайн үед ТӨХ-ны дарга байсан Д.Сугарын хамт гаргана. Ажлын хэсэг дотор Ц.Ууганбаяр гэж байгаа нь анхаарал татна.

Ц.Ууганбаяр болбоос “Нью Яармаг хаусинг прожект” төслийн удирдагч бөгөөд тухайн үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан эр. Ц.Ууганбаяр 20 настай байхдаа Яармагт тухайн үед 100 сая төгрөгөөр худалдан авсан газраа барьцаалан Хөгжлийн банкнаас 29 сая долларын зээл авч байсан. Тухайн үед ямар ч дэд бүтэцгүй, хямдхан үнэлгээтэй байсан газрыг барьцаалж авсан тэрээр “энэ бүхэн Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч холбоогүй” гэдэг ч үүнд нь нэг ч хүн итгэдэггүй юм.

Ц.Ууганбаяр нар дээрээс өгсөн чиглэлийн дагуу нэг хоног буюу 24 цагийн дотор хөрөнгө оруулалтын нөхцлийг гаргаж, хөрөнгө оруулалт хийх компанийг сонгожээ.

Чингэхдээ гадаад, дотоодын арван хуулийн этгээдэд санал болгосон гэсэн бичиг баримт бүрдүүлсэн ба тав нь Монголд хөрөнгө оруулах ямар ч сонирхолгүй гадаадын томоохон компани, “үгүй” гэж хэлэх нь тодорхой санхүүгийн дөрвөн байгууллагыг сонгосон байх ба цорын ганц Монгол компани болох Бэйзмент компанийг сонгосноо удирдлагууддаа танилцуулж жүжиг тогложээ.

Бейзмент гэдэг цаасан дээр байгуулагдсан энэхүү компани тухайн үед өөрийн гэх хөрөнгөгүй байснаараа сонгон шалгаруулалтад яагаад ч шалгарах боломжгүй байсан байдаг.

Сайд Х.Баттулга Бейзмент компанийг сонгосон, хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байгаа бичгээ ТӨХ руу илгээн, энэ бичгийн дагуу 2011 оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээг баталжээ.

Гэрээнд 55 сая ам.доллараас багагүй мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ, жилдээ 1 сая тонн цементийн хуурай аргаар үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар тохирчээ. Гэрээний бас нэг ноцтой заалт нь үйлдвэрлэсэн цементийн 90 хувийг бие даан зах зээлд нийлүүлнэ гэжээ.

Ингэж Хөтөлийн “Цемент шохой“ үйлдвэрийн удирдлагыг гартаа авсан Эрдэнэбилэгчүүд юуны түрүүнд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс арван тэрбум төгрөг авсан байна. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, орд, ирээдүйд олох орлогыг барьцаалан Хөгжлийн банкнаас 61,2 сая ам.долларыг зээлэн авчээ. Хөрөнгө оруулалт хийлгүйгээр үйлдвэрийг барьцаалж зээл авахыг Долоон буудлын Должин эмээ ч хийж дөнгөх байлгүй дээ.

Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалт өдгөө бүрэн тодорхой бус байна. Учир нь 61,2 сая ам.доллараас Жанжин Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хоёр банк болох Худалдаа хөгжлийн банк руу 34 сая ам.долларыг, Улаанбаатар хотын банк руу 5.5 сая ам.долларыг шилжүүлжээ. Хоёулангийнх нь гүйлгээний утган дээр нь “зээлийн төлбөр хаав” гэсэн байхыг бодоход Бейзмент нь тус хоёр компанид зээлтэй байсан байж таараад байгаа юм.

Харин үлдсэн 21.5 сая долларыг Бейзмент ХХК өөрийн дансаар авсан ба үүгээрээ цементийн хуурай аргаар үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулсан бололтой байна.

Хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэрээ 2014 онд барьж ашиглалтад оруулсан боловч тус үйлдвэрийн захирал А.Шоовдорын ярьж буйгаар туршилт тохиргоо хийж, ажилчдыг дадлагажуулах нэрийдлээр тав гаруй жил улсын комисст өгөхгүйгээр ашиглажээ. Яг үнэндээ тохиргоо хийж, боловсон хүчнээ дадлагажуулж удсан зүйл үгүй, хэрэв улсын комисст өгч гэрчилгээ гарчихвал Хөгжлийн банкны барьцаанд орчих гээд байсан учраас тэр юмсанж. Гэрчилгээгүй байдлаар нь далимдуулж чухам яг хичнээн тэрбум төгрөгийг гулгуулсныг өдгөө хэн ч тааварлаж чадахгүй байна.

Ингэж тэд 11 жилийн хугацаанд энэ үйлдвэрээс тонож болох бүгдийг тоножээ.

Улмаар барьцаа ахиулж 2015 оны долдугаар сарын 03 буюу ард түмний анхаарал баяр наадам дээр төвлөрч байх үед Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулагч Бейзмент компанид шууд санал болгон хувьчлах УИХ-ын тогтоолыг гаргуулжээ. Тогтоолд УИХ-ын дарга байсан Зандаахүүгийн Энхболд гарын үсэг зуран, улмаар наймдугаар сарын 17-нд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Сангижавын Баярцогт баталгаажуулан тогтоол үйлджээ. Хожим нь Зандаахүүгийн Энхболд Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоход ЕТГ-ын дарга болно.

Бейзмент компанид хувьчлах энэхүү ажиллагаа Жанжин Эрдэнэбилэгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хийгдсэн схемийн дагуу явагдсан нь тодорхой харагддаг. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн дулааны цахилгаан станц, орд газруудын үнэлгээг оруулалгүй, Бейзмент компанийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэн, одоо үйл ажиллагаа явагддаг нь тодорхой бус  “Хөрөнгийн үнэлгээний төв” хэмээх компаниар хуурамч үнэлгээний бичиг гаргуулан хасах 32,4 тэрбум төгрөгийн алдагдалтай компани хэмээн дүгнүүлээд, 1,3-хан тэрбум төгрөгөөр хувьчилжээ. Тодорхой хэлбэл, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийг алдагдалтай мэтээр харагдуулж хувьчилж авсан нь тодорхой болж байгаа юм.

Улмаар 2015 оны аравдугаар сард тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж тогтоол үйлдэн Бейзмент компани руу Хөтөлийн “Цемент шохой”-г 100 хувь найр тавин өгчээ. Хожим нь Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчийн тамгын газрын санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр суух болно. Тухайн үед Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч байсан гэхээр Хөтөлийн “Цемент шохой”-г идэж шамшигдуулсан хэрэгт ерөнхийлөгч асан Х.Баттулга маань ихээхэн санаачилгатай оролцсон нь энэ мэтчилэн харагддаг.

Хэдийгээр 2022 онд Улсын Их хурал 2015 онд гаргасан тогтоолдоо өөрчлөлт оруулж, Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компанийг төрд эргүүлэн авсан ч 2022 оны гуравдугаар сарын байдлаар Бейзмент компаний төрд 301 тэрбум төгрөгийн өртэй байна. 2015 оноос хойш зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй байна. Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарын хоршил тус үйлдвэрт 301 тэрбумын хохирол учруулаад байна.

Харин өдгөө Хөтөл “Цемент Шохой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын өгүүлж буйгаар 2022 онд 40 жилийн түүхэнд анх удаа 405 мянган тонн цемент үйлдвэрлэж, мөн түүхэндээ анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. 2022 онд мөн анх удаа 30 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал болон татвар төлжээ.

Мөн, ажилчдын цалинг нэмэгдүүлснээр 2011 онд 11 тэрбум байсан цалингийн сагс 2022 онд 21 тэрбум болж өсжээ. Хөлгүй их баяжиж, Монголын хамгийн нэр нөлөөтэй хүн болох хүсэлдээ хөтлөгдсөн Жанжин хэмээх Должингийн Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар нартай хамсан луйвардан авч цөлмөж байсан бол, Хөтөл “Цемент шохой”-г Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нартай хамсан өөрийн болгож дураараа дургисан нь өдгөө нэн тодорхой болоод байна.
Аваагүй татвар, олдоогүй мөнгө, алдагдсан боломжийнх нь төлөө монгол шүүх Эрдэнэбилэгээс Худалдаа хөгжлийн банкыг нь хураан авах шийдвэр гараад ч Монгол Улсад учруулсан хохирол нь төлөгдөхгүй биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батбилэг
1 жилийн өмнө
66.181.182.162

Женкод оролцоогүй хулгай гэж байна.уу ёстой 1000 удаа буудсан ч багадхаар хүүр юм аа ёстой новш юм аа хуучин авгайгаа нөгөө босоо хөхдөгийн Ганхуяг гэдэгтэй хувааж шаадаг Орос авгайгаа бас хувааж шаана энэ нээрээ хулгайч

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.204

Жанжинаа авчирч жанчих болоогүй юу монголын авилгалд идэгдсэн ШҮҮХ тэр зөвшөөрөл өгч явуулсан шүүгчийг нь оронд нь гянданд хорьж болохгүй юу энэ нөхөр овоо олон тэрбум шаасан байгаа даа

Бат инженер
9 сарын өмнө
202.9.40.127

Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг ганц хүн нь Эрдэнэбилэг байсан юм шиг байгаа юм.

зочин
7 сарын өмнө
43.228.130.188

кккк Маш ухаантай луйвараа хийсэн байна шүү, бизнесийн сургуулиуд бусдад хичээл болохоор

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.