УИХ-ын өчигдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг шинээр томилсон. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй бөгөөд хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нэг гишүүн хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул орны хүмүүсийг томилсон юм.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр, Ц.Нанзаддорж нарыг чөлөөлж, тэдний оронд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Цэцийн гишүүнээр томилоод байна. Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн бүтэн болсон.
Харин ҮХЦ-ийн дарга Н.Чинбат чөлөөлөгдсөн тул цэц шинээр даргаа томилохоор болж буй юм.
Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс санал болгосон гурав, гурван хүнийг ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-аас томилдог хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Э.Энхтуяа, УИХ-аас Ш.Солонго, Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Улсын дээд шүүхээс Х.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нарын нэрийг дэвшүүлж, ҮХЦ-ийн гишүүнээр томилсон байдаг.
ҮХЦ-ийн шинэ даргыг хуучин гишүүдээс томилох бололтой. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан, Ш.Солонго, Х.Эрдэнэбулган нарын нэр яригдаж буй ажээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын үед томилогдсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын хувьд ҮХЦ-ийн дарга болох магадлал бага аж. Түүнчлэн тэдний бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.