- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нар шингэж нийтээрээ амарч байх ахуйд Монголын баруун урд хил дээр амьдрал өрнөж эхэлдэг. Ийн шөнө дөлөөр бэлтгэлээ базааж байршлаа эзэлсэн суудлын тэрэгнүүд үүр хаяарахтай зэрэгцээд “уралдаан”-ы замдаа гарна. Ийм л эсрэг тэсрэг ажил амьдралын хэмнэл хийгээд мөнхийн өрсөлдөөн Замын-Үүд боомтод жилийн 365 хоног үргэлжилдэг аж. Зорчигчийн “нүд”-ээр хөндлөнгөөс харвал байнгын тэмцэл, сорилт дунд хэдэн мянган хүн хоёр улсын хилийн хооронд хөлхөж буй. Бараг хоёр, гурван сумын хүн амын дайтай тэнцэхүйц арваад мянган хүний амьдрал Хятад, Монгол хоёр улсын хилийн зурвас хооронд жинхэнэ “буцалж” байна.
Нийслэлээс 650 гаруй км замыг хугас өдөр илүү туулсан хүмүүс ихэнхдээ Замын-Үүд боомтод ургах нарыг угтдаг. Бага үдээс өмнө амжаад хилээр нэвтрэхээр төлөвлөж очсон хүмүүс тэнд буудалд, танил тал, хамаатан садангийндаа хоноглоно. Цаана нь цөөнгүй хэсэг нь машиндаа нүдний хор гаргаад үүр цүүрээр “хөдөлдөг” юм байна. Гэхдээ хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн оочер дараалал урд орой нь эхэлдэг. Цагаан гэгээ тасарч хүн амьтны хөл татрахтай зэрэгцээд хилийн ойролцоох зам дагуу тэндхийн жолооч нарын хэлдгээр “Гурвын хаалт” дээр урт цуваа үүсгэж тэндээ “байр”-аа хадгалж хоноод үүр хаяарах төдийд эхний эгнээний арваад машин хэдийнээ зорчигчдоо аваад хил нэвтрэхэд бэлэн болсон байх. Хилийн цэргийн албан хаагч цуваа цэгцлэх сиймхийгээр оочер дарааллаа булаацалдаж өмнө хойноо орохоор жолоо мушгих нь яг л бартаат замын уралдааныг санагдуулна. Тэнд зорчигдын аюулгүй байдал, тав тух хэцүүхэн.
Хил нээгдэж эхний машинууд хөдлөх үед үлдсэн 30-40 тэрэг хооронд иргэд нааш цааш баахан гүйлдэнэ. Хэдэн төгрөгийн зардлаар хил “давуулах” талаар асуух боловч барагтай бол тоймтой, тогтсон үнэ ханш хэлэхгүй. Яг л дуудлага худалдаагаар үнэ хаялцуулж байгаа мэт өмнөх машины жолооч ямар үнэ хэлэх бол, хэн нь гарч ирээд зардлаа өсгөх бол хэмээн харзнаж илүү их хүн цуглаж өрсөлдөхийг хүлээх нь гачлантай. Мөн жолооч нар “we chat” буюу дотоод холбоогоороо зардлаа хэд болгож өсгөх талаар сэмхэн хуйвалдах нь нарийн ажсан хүнд андашгүй. Ингэж өглөөний жаварт бээрч ядан машин хооронд хүн хүн царайчлан цаг гаруй гүйлдсэний эцэст нэг нь 300 юань гэсэн үнэ хэллээ. Ачаа бараагаа чирж, урт цуваан дунд баахан эргэлдэж бухимдаж ядарсан иргэд тэр зүгт хошуурцгаан нэгнийхээ урдуур дайрч, барьцалдаж авахаас наахнуур хэрүүл шуугиан болов. Энэ дүр төрхийг жолооч нар бах нь ханасан байртай харж зогсонгоо дахиад ямар "мэх"-ээр зардлаа нэмэх талаар өөр хоорондоо шивнэлдэх аж. Тэгэж байтал нэг нь өмнүүрээ машин оруулж “ёндоо”-ны мөнгөөр наймаалцах нь ганц минутын ч болов өмнө хилээр нэвтэрч ажлаа амжуулахаар илүү мөнгө төлөн тухгүй, хөлдүү машинд чичирч суугаа иргэдийн аргыг барна. Тэглээ гээд яаж ч чадах билээ. “Олон” юм яриад хөөгдөж буувал ард нь оочерлосон хүмүүс хэдэн зуугаараа хүлээж байна шүү дээ. Иймэрхүү бизнесийн зарчмаар яах ийхийн зуургүй 20 гаруй машин дүүрч, хажуугаар нь хэдэн арван том оврын автобус үйлчлээд ч эрэлт тасарсангүй. Сүүлдээ унаа хүрэлцэхээ больж замын зардал 350 юань буюу 200 мянган төгрөг болжээ. Энэ дүр зураг бол өнгөрсөн амралтын өдрүүдэд урд хилийн наана, бүр тодруулбал өглөөний 06:00-07:00 цагийн хоорондох тэрүүхэн хугацаанд өрнөж буй монголчуудын үнэн төрх билээ.
Харин хилийн цаана үүнээс илүү өрөвдөлтэй дүр зураг өрнөнө. Нэг талд дөнгөж Эрээнд бууж буй монголчууд буудлын өрөөнд дугаарлаж бүртгэлийн ажилтнуудын ая талыг засах бол зөрөөд ачаа тээшээ дааж ядсан иргэд унаа унаш олдохгүй хэдэн цаг буудлын үүдэнд, гудамжинд зогсох нь олонтаа тааралдана. Гадаа тийм ч таатай биш. Цаг агаар Монголтой ижил хэмийг зааж байв. Хамаг мөнгөөрөө бараа “дарсан” учраас арай хямд зардлаар буцах санаатай өнөөх л хэдэн монгол жолооч нарынхаа дунд гүйлдэнэ. “Хүний нутагт нутаг нэгтнээ” гэсэн үг цухуйлгаж царайчилж нэг үзэх. Гэсэн ч буцах тасалбар 300 юаниас буусангүй. Үүн дээр ачааны үнэ нэмэгдээж 350-400 юань болж байх жишээтэй. Яарсан сандарсан, оройны галт тэргэнд тасалбар захиалсан хүмүүс хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн “ам”-нд багтахаас аргагүйд хүрэв. Нэмж мөнгө төлөх юм бол Монголын хил дээр ачаа буулгахгүйгээр шууд машинтай нэвтрүүлэх сонголт ч байна.
Ийн Хятад, Монголын хилийн зурвасаар гарах 10 хүрэхгүй км зайд ирж, очихдоо нэг хүн л зөвхөн замын зардалд 600 юань, дээр нь ачааны үнэ нэмэгдээд 450-500 мянган төгрөг төлж байна. Уг нь баяр ёслол, сурагчдын амралт таараагүй үед хоёр талдаа 100 юаниар хүн тээвэрлэдэг унаанууд хилээр зорчигчдын тоо хэд дахин нэмэгдэхтэй зэрэгцээд үнэ ханш 3-4 дахин өсөөд байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, энгийн өдрүүдэд 80-90 мянган төгрөгөөр ирж очдог байсан бол эрэлт нэмэгдэх хэрээр жолоочид ашгаа нэмэх ухаан сийлж, сурагчдын амралтаар өвлийн хувцасаа базаах сезоноор ийнхүү хагас сая хүртэл хөөсөрчээ. Түүнчлэн таксичид зах зээлийн ханш нь 477.20-той байгаа юанийг 500.00 болгон нэмэгдүүлэн бодно гэдгээ зардлаа тушаах үед хэлэх аж.
Хувиараа тээвэр хийж байгаа хүмүүсийн аманд багтаж хэд дахин нугарсан өндөр зардал төлөхөөс аргагүйд хүрсэн иргэд “шал дэмий ирлээ” гэж бухимдаж шанална. Зарим нь танихгүй ч хамаагүй нийлж нэгдээд буудлын өрөөгөө сунгаж 1-2 хоногийн дараа буцах том оврын автобусанд арай хямдаар буюу 50-70 юаниар суухаар үлдэж байлаа. Мөнгөө хэмнэхийн тулд хоёр ортой буудлын өрөөнд долуулаа орохоор болоод үлдэх нэгэнтэй ч таарахад “Эрээнд барааны үнэ хямд байна. Харин монголчууд нь монгол хүнээ “шулж” байна. Үнэхээр хэлэх үг алга" хэмээн толгой сэгсэрч хоцров.
Хил нэвтрэхээр хүлээх зуур Хэнтий аймгаас Улаанбаатар, Сайншанд, Эрээн маршрутаар хэд дамжиж ирсэн Х.Буянзаяатай яриа дэлгэхэд “Би хүүхдүүдийнхээ өвлийн хувцсыг авахаар амралтын хоёр өдрөөрөө ирсэн. Гэтэл авчирсан мөнгөнийхөө тал хувийг зардалдаа өгөөд таарлаа. Би сумаасаа аймаг хүртэл 200 км зайд 14800 төгрөг төлдөг. Гэтэл 10 км ч хүрэхгүй зайд 400 гаруй мянган төгрөг төллөө. Замын-Үүдээс Улаанбаатар явахад дахиад 100 гаруй мянган төгрөгөөр суудлын тэргэнд суугаад цаашаа хот хоорондын тээврээр аймаг, сум руугаа явна. Үндсэндээ сая гаруй төгрөгийг замын зардалдаа өглөө. Ачааны мөнгө нэмэгдэнэ гэхээр нь Эрээнд таньдаг хүндээ ачаагаа үлдээлээ. Ирдэггүй байж” гэж халаглах. Энэ мэтээр замын зардлаас болж бухимдсан, тээврийн хэрэгслийн жолооч нарыг “хүн чанаргүй”, хүний нутагт иргэдээ “шулж” байна гэж хүмүүс шүүмжилж байв. Тиймээс яагаад зардлаа ингэж 3-4 дахин өсгөж байгаа талаар ДГО 21.... дугаартай машины жолоочтой уулзаж ярилцахад “Энэ амралтын өдрүүдэд хилээр нэвтэрч байгаа иргэдийн тоо бараг хоёр дахин их байна. Бидэнд ингэж “цөм” хийх боломж байнга олдохгүй. Шинэ жил, цагаан сар, наадмын өмнө, намар хичээл эхлэх үеэр л арай ахиу ашиг олох боломж гардаг. Суух эсэх нь хүмүүсийн л сонголт шүү дээ. Заавал суу гэж хүчлээгүй” гэж хариуллаа.
Хил хамгаалах байгууллагын мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-12-ны хооронд хилээр 8000 гаруй иргэн нэвтэрчээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хоёр мянгаар илүү байгаа аж. Тиймээс эрэлт ихсэхтэй зэрэгцээд жолооч нар үнээ нэмдэг гэдгийг тус боомт дээр ажиллаж буй албаны хүн хэлж байв. Хилийн хооронд нэг хүн л 2-3 машин явуулдаг. Нэг машиндаа 10 гаруй хүн суулгахад хоёр сая гаруй төгрөг болно. Өдөрт багадаа 1-2 удаа ирж, очиход арваад сая төгрөг олдог танил бий гэж сонирхуулав.
Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Эрээн хүрэх хоёр чиглэл бүхий зорчигч тээврийн автобус өдөрт арав хүрэхгүй удаа явна. Харин хоёр улсын хилээр нэвтрэх бүртгэлтэй 280 хувийн тэрэг байгаагаас одоогоор 60 гаруй нь үйлчилгээнд явж байгаа аж.
Үргэлжлэл бий...
Сүрнээгийн УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.