СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Чингис хаан банк”-нд давуу байдал олгосон “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн захирлыг шалгаж дуусав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиун нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Тус газрын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудтай холбоотой юм.

“М-Си-Эс групп”-ийн хамаарал бүхий “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн зам” компанийн барьсан, Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 239 км замыг төрийн өмчид авч, Засгийн газрын “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн байдаг. Улмаар “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн оролцоотой “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг компанийг байгуулж, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд нэгтгэсэн билээ. Эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдож байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагданн шалгуулсан юм.

Б.Баяндэлгэрийн хувьд өмнө нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Налайх дүүргийн Засаг дарга байхдаа бусдад давуу байдал олгож гадаадын аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын үүдийг сахиж байсан хүн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.