Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг"-т Хил хамгаалах ерөнхий газар дэд байр эзэллээ.
Мөн анги, нэгжийн дүнгээр Хилийн цэргийн 0165 дугаар анги дэд байрт шалгарч батламж, 8 сая төгрөгөөр шагнууллаа. Шагнал авсны дараа алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо.
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0165 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ, ХУРАНДАА Р.ЭРДЭНЭТОГТОХ: ХАМТ ОЛОНДОО МАШ ИХ БАЯРЛАЛАА
-Энэ хүндтэй шагнал авсан хамт олондоо баярлалаа гэж хэлье. Хамт олноороо маш их бахархаж байна. Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Ёс зүй бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн шат шатны шалгалтад оролцсон ангиуд хилчдийн өнөөдрийн бие бялдрын бэлтгэлжилт, ёс зүй ямар түвшинд явааг харуулах хариуцлагатай үүргийг авсан. Энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хамт олноороо маш их бахархаж, баярлалаа та нартаа гэдэг үгийг дахин дахин хэлье.
Өлгий цэргийн хүрээний бүрэлдэхүүн бүгд нэг баг болж, нэгдсэн зохион байгуулалтад орж энэ үзлэгт хамрагдсан. Үүний үр дүн ч гарлаа. Хамтарч ажилласан та нартаа баярлалаа. Цаашдаа энэ амжилтаа улам бататгаж, өндөр ёс зүйтэй, бие бялдрын өндөр чадвартай, цэргийн хэргийн болон онолын өндөр мэдлэгтэй хилчид байхын тулд улам хичээж зүтгэж ажиллах болно гэж хэлье гэв.
ХХЕГ-ЫН СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Я.ТҮВШИНБААТАР: ХИЛЧДИЙН ДАСГАЛ НОРМАТИВ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАР 35 ХУВИАР АХИЖ, БИЕИЙН ЖИНГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА ХАНГААГҮЙ АЛБА ХААГЧДЫН 21 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭСЭЭ САЛСАН
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагчийн командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын “Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн шалгалтад хилчид маш өндөр ач холбогдол өгч ажиллалаа. Үүний үр дүнд өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газар байгууллагын дүнгээр “Дэд байр”-т шалгарлаа.
Шалгалтад хилчдийн хамрагдвал зохих буюу 87.5 хувь нь хамрагдсан байна. ХХЕГ болон хилийн цэргийн анги, тусгай салбарууд “Сургалтын танхим”, “Бялдаржуулах танхим”, “Биеийн тамирын хотхон”, “Спорт заал” зэрэг танхимуудыг засварлаж тохижуулсан. Мөн цэргийн биеийн тамирын хэрэглэл, үзүүлэнгийн зурагт самбаруудыг шинээр хийж, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд цэргийн алба хаагчдын дасгал норматив гүйцэтгэх чадвар 35 хувиар ахисан, биеийн жингийн зохистой харьцаа хангаагүй алба хаагчдын 21.3 хувь нь илүүдэл жингээсээ салсан зэрэг сайн үр дүнгүүд гарлаа.
Энэ мэт сайн үр дүнгүүд гаргахын тулд Монгол Улсын дархан хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчин нэг бүрийн үүрэг оролцоо маш чухал байлаа гэдгийг онцлон дурдаж хилчдэдээ баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлье. Та нартаа баярлалаа. Мөн төвийн бүсийн ангиудаасаа дэд байрт шалгарсан Хилийн цэргийн 0164, баруун бүсийн ангиудаасаа дэд байрт шалгарсан Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчдэд халуун баяр хүргэе. Энэ үзлэг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулагдахаар болсон.
Дараа дараагийн үзлэгтээ амжилттай шалгуулж, энэ амжилтаа бататгах, эзэлсэн байраа урагшлуулахыг хүсье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.