Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийж байна.
Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгдсэн байна.
Мөн ерөнхий сайд "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэлэв. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгожээ.
Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэв.
Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.