СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-10

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан болов. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Олон улс, бүс нутгийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим нэмэгдсээр байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь нарийн төвөгтэй, салбар дундын хамтын ажиллагаа шаарддаг, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц үйл ажиллагаа юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдаад таван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид гамшгаас хамгаалах эрхзүй, бодлого орчныг сайжруулах, гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, одоогийн байгаа эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад салбар дундын зохицуулалтаар хангах, бүх талуудын оролцоо, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чиг хандлагыг төлөвшүүлэх, олон улс, бүс нутгийн бодлого чиглэл, төлөвлөлтөд Монгол Улсын санал, санаачилгыг тусгахад чиглэсэн арга хэмжээнд онцгойлон анхаарч ажиллаж ирлээ. Бидэнд олсон ололт амжилт цөөнгүй байгаа ч бас учирч буй хүндрэл сорил нэлээдгүй байна. Олон улсад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн туршлагууд болох бонд гаргах, эрсдэлийн сан бий болгох, даатгал, давхар даатгалд хамруулах зэрэг эрсдэлийн санхүүжилтийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг хэрэглэж буй улс орнуудын туршлага дээр түшиглэн боловсруулах, Гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байгааг энд онцлон хэлмээр байна” гэлээ.

Хуралдаанаар зөвлөлийн 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ, үүний дотроос уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй гурав дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ.

Өөрөөр хэлбэл, цаг үе болоод нөхцөл байдал гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, зөв тогтолцоо, сайн засаглал, сахилга хариуцлагыг мөн давхар шаардаж сануулсаар байна.

Тиймээс өнөөдрийн болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн хуралдаанаар холбогдох байгуулагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо.

Дашрамд дурдахад, Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүй орчин бүрэн шинэчлэгдэж, 2016 оны байдлаар найман хувьд хийсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ 2019 онд 71 хувь, 2020 онд 100 хувь хийж гүйцэтгэлээ.

Мөн 2020-2023 онд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд үндэсний хэмжээний гамшгийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын зураглалыг гаргажээ.

Түүнчлэн төрийн үйл ажиллагааг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх бодлогын дагуу гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд нарийвчлан тодорхойлох, болзошгүй хохирлын хэмжээг тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг төлөвлөх зорилгоор гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.