Төв аймгийн Эрдэнэсант суманд малдаа яваад төөрч, сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ.
Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар, сумын харьяат малчин арваннэгдүгээр сарын 9-ний 18:00 цагийн орчимд айлын хотонд малаа хотлуулаад дөрвөн километр зайтай гэр рүүгээ явганаар яваад сураггүй болсон дуудлагыг ОБГ 23:03 цагт хүлээн авчээ.
Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид 73 настай, малчин эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрлийн дүнд арваннэгдүгээр сарын 10-ны 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт дөрвөн километрт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.