Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-С.Чинзориг сайдын оруулж ирж буй хуулийн төслийг дэмжиж байна. Гадаадад эмчлүүлэх хүсэлт өгч буй иргэдийн тоо их байгаа. Монголд эмчлүүлээд яваад л байдаг. Үр дүн гардаггүй. Ялангуяа сүүлийн үед ховор төрлийн хавдраар өвчилсөн хүүхдүүдийн тоо их байна. Олон хүн үүнийг шийдээд өгөөч гээд хүсэлт өргөдөл их ирж байна. Гадаадад эмчлүүлсэн хүмүүсийн эмчилгээний зардлын таван хувийг л олгодог. Энэ хэнд ч хүрдэггүй.Ямар шалгуураар, ямар эмчилгээ хийлгэх хүмүүст энэ мөнгө олгогдох вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийн сайдын багцад эрүүл мэндийг дэмжих сан бий. Гүйцэтгэлээр нь тооцвол 10-12 тэрбум төгрөг жилд төвлөрөх тооцоо бий. Гэхдээ жил тутам улсын төсөвт 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ хөрөнгөөр зөвхөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд буюу тандалт судалгаа, нөлөөлөл, сурталчилгааны ажилд зарцуулагддаг.
Хоёр дахь асуудал нь гадаад руу эмчлүүлж буй хүмүүст дэмжлэг маш бага. Зөвхөн ирсэн хойно нь л зардлынх нь таван хувийг олгож байгаа. Үүнийг нэмэгдүүлье. Угаасаа дотооддоо эмчилж чадахгүй байгаагаас хойш гадагшаа явж байгаа хүмүүсийнхээ тавхан хувийг өгнө гэдэг харамсалтай байна. Ирэх оны төсөвд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сайдын багц дээр гадаад эмчилгээний зардал 500 саяыг төсөвлөсөн байсан. Ирэх онд 1 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд л технологи нэвтрүүлж, иргэдэд дэмжлэг олгоно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Өнөөдрийн хуулийн төсөл үр дүнгээ өгнө гэж бодож байна. Намайг сайдаар ажиллаж байхад эх орондоо эмчилж чаддаггүй 39 өвчин байсан. Гурван жилийн хугацаанд бид 26 болгосон. Энэ тоо одоо буурахгүй байна. Яагаад буурсан бэ гэхээр би сайндаа биш л дээ. Эрүүл мэндийг дэмжих санд бид төсвөөс мөнгө төсөвлөж чадвал технологи нэвтрүүлж, эмч нараа багаар нь гадаад сургах, мөн гадаадын туршлагатай хүмүүсийг эх орондоо авчирч чадна. Гурван жилийн хугацаанд эмчилж чадахгүй өвчний тоог 13-аар буулгасан. Учир нь бид гадаадад олноор нь сургасан. Энэ төвлөрч байгаа 10 тэрбумаа нэн түрүүнд эх орондоо эмчилдэг болох тал дээр нь зарцуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлмээр байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Шинэ технологи нэвтрүүлэх ажилд энэ сангийн ихэнхи мөнгийг зарцуулна. Ингэж байж иргэдийн гадаад руу явах урсгалыг багасгана. Тэр дундаа эмч нараа багаар нь сургалтад хамруулах, гадаадаас мэргэжилтнүүд авчрах зэрэг олон ажлыг хийнэ. Нэг болгоомжлол бий. Тусгай сангуудын хяналт, зарцуулалт муу байна гэж иргэд ярьж байна. Тиймээс сангийн журмыг оруулахдаа бүх эрсдлийг тооцох хэрэгтэй. Бусад сан шиг албан тушаалтнууд авдаг гэсэн юм руу оруулмааргүй байна. Нарийн тооцно. 2022 оны тооцоогоор гадагшаа эмчлүүлсэн иргэдийн зардал 13 тэрбум төгрөгний төлбөр гарсан. Үүний тав хувь гэхээр 600 сая орчим сая төгрөгийг барагдуулсан. Хүүхдийн эмчилгээний 50 хувь, том хүний 20 хувийг буцаан олгъё гэсэн урьдчилсан тооцоо хийсэн. Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тогтоол гарсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.