БНХАУ-ын Шинжян хотод WDSF Латин бүжгийн формэйшн ДАШТ тэмцээн энэ сарын 2-нд зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнд Монгол Улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагийн бүжигчидтэй нэг баг болж бүжиглэсэн монгол бүсгүй Нэргүй овогтой Онондарь дэлхийн аваргын медаль хүртжээ.
21 настай тэрбээр Германы Бремен хотод "Спортын сэтгэл судлал" мэргэжлээр суралцдаг. Зургаан жилийн өмнө Бремений ДАШТ-д Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагтай оролцож байхдаа ”Grun Gold” хамтлагийнхны бүжиглэж байгааг харчихаад гайхан биширч, энэ хамтлагт орж бүжиглэхийг мөрөөдөх болжээ. Түүний мөрөөдөл биелж дэлхийн бүжгийн тайзнаас ийн хүндтэй шагнал хүртэв.
Сонирхуулахад, бүжигчин бүсгүй 2015 онд бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцож фитнессийн төрөлд өөрийн жиндээ түрүүлэн тэргүүн байр эзэлж байжээ. Тэрбээр өөрийн нүүр номдоо “Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулан ойлгууллаа. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний эцэг эхийн хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн. 2018 он тэр чигтээ их олон зүйлийг дагуулсан чанга жил байлаа миний хувьд. Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байв. Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр нь шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ.
Хүний нутагт амжилт гаргахад бүх зүйл хоёр гурав дахин илүү хэцүү, өрсөлдөөнтэй хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм байна. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би энэ дэлхийн аваргын алтан медалийг зүүх эрхтэй хүн гэдгээ мэдсэн” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Тэмцээнд түрүүлсний дараахан түүнийг ХБНГУ-ын телевиз нэвтрүүлгийнхээ хүндтэй зочноор урьж, ярилцсан байна.