Гэр бүлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй. Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.
Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас үзвэл 2020 онд 53.678, 2021 оны эхний хагаст 20.602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хэргийн 10 хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн маргааны тоо ихсэх хандлагатай байна. Түүнчлэн олон улсын жишгээс харахад гэр бүлийн харилцаанд шинэ төрлийн харилцаа, асуудлууд нэмэгдэж байгаа. Иймээс Гэр бүлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримт нь хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсны илэрхийлэл. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийг тодорхойлох, цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд тэжээн тэтгэх асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг зохицуулах зохицуулалт байдаггүй байна. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас 2022 онд шийдвэрлэсэн гэрэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд гэрэлт цуцлах болсон шалтгаанд “таарамжгүй харилцаа” 76 хувь, “архидалт” 12 хувь, “тусдаа амьдарч байгаа” 8 хувь, “гэр бүлээс гадуурх харилцаа” 2 хувь, “гэр бүлийн хүчирхийлэл” 2 хувийг тус тус эзэлж байгаа гэх тоо баримт байна. Гэрэлт цуцлах шалтгааны дийлэнхийг гэрлэгч хоорондын таагүй харилцаа эзэлж байна. Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгаж өгсөн гэж танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсад гэр бүл салалт их нэмэгдэж байна. Гэр бүл салалтын золиос хүүхэд. Салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архинаас болж байна. Хамтран амьдрагчдын эрх ашиг байнга зөрчигдөж байна. Амьдралын шаардлагаар гадны хүмүүстэй гэр бүл болоод хохирдог асуудал байгаа. Үндэсний соён гэгээгүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Цус ойртолт бол Үндэсний аюулгүй байдлын том сэдэв шүү. Дээр үед ургийн бичиг хөтөлдөг байсан. Одоо цагт ургийн бичгийг цахимд бий болгох боломж байна уу?
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:
-Гэр бүлийн тухай хуульд гэр бүл болохдоо гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг нь төрөл садны холбоотой гэрлэлтийг бүртгүүлэх боломжгүй. Шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос сэргийлэх, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагддаг болох боломжийг нээж байгаа. Нөгөө талдаа, ДНК-ийн шинжилгээ бодитой байхын тулд судалгаг сайн хийх хэрэгтэй. Төрөл саданг тогтооход мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэй байгааг шүүхийн шинжилгээний байгууллагаас өгч байгаа.Тиймээс гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө ДНК шинжилгээ өгдөг байх заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгасан.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Арчаагүй эрчүүдийн улмаас олон эх нуруун дээрээ ачаа үүрч байна. Аав нар хүүхдийн тэтгэмжийг салсан эхнэртээ өгдөг гэж эндүүрч байна. Боломжийн амьдралтай атлаа тэтгэмжээ төлдөггүй хүмүүс байна. Тэдгээр хүний данснаас тэтгэмжийг шууд шилжүүлж болох уу? Энэ талаар хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг банкуудтай ярьсан уу? Мөн өндөр орлоготой бол тэтгэмжийг нь мөн нэмэх саналтай байна. Ер нь монголын амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. ШШГЕГ-ын шийдвэрүүд хэрэгжихгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Монгол эрчүүл эрүүл мэнд, наслалт, боловсрол, ажил эрхлэлт гэх мэт олон үзүүлэлтээр эмэгтэйчүүдээс бага байна. Өрх гэрт аавуудын гүйцэтгэх үүрэг багасаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гэх мэт болохгүй бүхэнд эрчүүд дийлэнхийг эзлэж байна. Эрчүүдийн үнэлэмж, нэр хүнд ихээхэн унаж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Ажлын хэсэг:
-Манай улсад эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын 9 жил байгаа нь олон улсын дунджаас өндөр. Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх анхны төвийг Чингэлтэй дүүрэгт байгуулсан байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.