“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа дугуйчин С.Жамбалжамцыг онцолж байна. Тэрбээр Монголын спортын түүхэнд анхны олимпын эрх авсан тамирчин болж, нэгэн шинэ түүх, амжилтыг бүтээсэн билээ.
Монголын дугуйн спортыг олон улсад таниулж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж яваа С.Жамбалжамц айлын ганц хүү. Түүнийг гурван настай байхад аав нь дугуй авч өгснөөр ирээдүйн замналын эхлэл тавигдсан гэдэг. Бяцхан хүү өглөөнөөс орой хүртэл өнөөх дугуйгаа унаж, сурахаар хичээдэг байсан тухайгаа дурсаж ярьсан байна. Харин зургаадугаар ангидаа хөлбөмбөгийн дугуйланд оржээ. Гэвч наймдугаар ангид орсон жил дугуйлан нь хаагдсан тул Б.Болдбаатар багшийнхаа удирдлага дор дугуйн спортоор хичээллэж эхэлсэн гэнэ. Ингээд 2012 оны УАШТ-ээс хос мөнгөн медаль хүртсэн нь амжилтынх нь эхлэл болж, энэ спортод дурлах, мэргэжлийн тамирчин болох хүслийг нь бадраасан гэдэг. 2016 оны Дугуйн оюутны Азийн Аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д болжээ. Тус тэмцээний хоёр дахь өдөр болсон бөөн гараатай уралдаанд С.Жамбалжамц мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Үүнээс хойш олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргасаар байгаа юм.
Өнгөрсөн сард болсон Бага олимп хэмээх “Ханжоү 2022” Азийн XIX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гарааны уралдаанд манай улсаас С.Жамбалжамц, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ нар уралдсан билээ. Тэмцээний эцсийн дүн гарахад Монголын шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медалийн болзол хангаж, 2024 оны Парисын олимпод уралдах анхны монгол тамирчин болсон юм. Түүний олимпын эрх аравдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор баталгаажжээ. Ийнхүү бид ирэх олимпоор нэгэн шинэ төрөлд монгол тамирчин хэрхэн хурд хүч, авьяас самбаагаа сорихыг харах үлдлээ. Сонирхуулахад С.Жамбалжамц одоогоор Ази тивийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
“Парис 2024” олимпын эрхээ авсан, хагас мэргэжлийн багт уралдаж байсан С.Жамбалжамцын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ бол тэрбээр Испани улсын мэргэжлийн баг “Burgos BH”-тай гэрээ хийж “World Pro tour” буюу дэлхийн мэргэжлийн шилдэг баг тамирчид уралддаг “Vuelta a Espana”, “Giro d’Italia”, “Tour de France” зэрэг олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэж байгаа юм. Тэрбээр энэ амжилтаараа Монголын дугуйн спортын түүхэнд дахин нэг шинэ хуудсыг нээлээ. Монгол улс “Уорлд тур”-ын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн болсныг “UCI”-гээс онцлон зарласан байна. Үүгээр ч зогсохгүй дэлхийн дугуйн спортын бүхий л топ уралдааны амжилт чансааг мэдээлдэг https://www.procyclingstats.com/ сайт Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамцыг өнөөдрийн хамгийн “Алдартай дугуйчин”-аар нэрлэжээ.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (7209)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.