УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулжээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй байгаа. Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас үзвэл 2020 онд 53.678, 2021 оны эхний хагаст 20.602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хэргийн 10 хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн маргааны тоо ихсэх хандлагатай байна. Түүнчлэн олон улсын жишгээс харахад гэр бүлийн харилцаанд шинэ төрлийн харилцаа, асуудлууд нэмэгдэж байгаа. Иймээс Гэр бүлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Ингэхдээ нэн тэргүүнд хүүхэд; жирэмсэн болон хөхүүл эмэгтэй; эсхүл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх; хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан; хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталжээ. Түүнчлэн хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан байна.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримт нь хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсны илэрхийлэл. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийг тодорхойлох, цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд тэжээн тэтгэх асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг зохицуулах зохицуулалт байдаггүй байна. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас 2022 онд шийдвэрлэсэн гэрэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд гэрэлт цуцлах болсон шалтгаанд “таарамжгүй харилцаа” 76 хувь, “архидалт” 12 хувь, “тусдаа амьдарч байгаа” 8 хувь, “гэр бүлээс гадуурх харилцаа” 2 хувь, “гэр бүлийн хүчирхийлэл” 2 хувийг тус тус эзэлж байгаа гэх тоо баримт байна. Гэрэлт цуцлах шалтгааны дийлэнхийг гэрлэгч хоорондын таагүй харилцаа эзэлж байна. Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгажээ.
Төслийн энэхүү заалтад гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд хохирогч тал нь гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсгэх эрхтэй болно. Хэлэлцэж буй төслөөр дээрх төрлийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн, харин нэхэмжлэлийг Иргэний хуулиар шийдвэрлэх юм байна.
Хамтран амьдрагчдын хамтын амьдрал нь гэрлэлттэй дүйцэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэхээр зохицуулалтыг тусгажээ.
Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.