УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг танилцуулахдаа, Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа.
Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.