УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний сонсголыг хянан шалгах түр хорооны хурал ажлын даалгавар батална, шалгалтын удирдамжийг батлах, шинжээчдийг томилох зэрэг гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Нүүрсний сонсголд иргэд олон нийт хүлээлттэй байгаа ч Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар өнгөрсөн ч бид өнөөдөр л хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх нь. Хянан шалгагч нар маань их дүнтэй мэдээллийг шалгаж үзнэ. Үлдсэн хугацаанд үүнийг хийж амжих уу? Тэдэнд хангалттай хугацаа байгаа юу? Олон нийтийн өмнө нээлттэй болно. Хэн нэгийг үлдээж, хэлмэгдүүлж болохгүй. Хөнгөн хуумгай хандаж нэр төдий юм хийвэл шинжээчдэд хангалттай цаг хугацаа өгөөгүй, асуудалд хайнга хандвал яах вэ? Түр хорооны олонхыг манай МАН-ын гишүүд бүрдүүлж байгаа. Нүүрсний сонсголд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрийн биеэр оролцох уу гэдгийг тодруулмаар байна.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Түр хороо долдугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө түр хорооны даргыг томилж ажилдаа орсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон ч гурав нь намайг даргаар томилогдсны дараа гараад явсан. Үүнээс хойш хянан 12 шалгагч томилоод байна. Өнөөдөр дахин гурвыг томилно. Цар хүрээ мэдээж өргөн байгаа. Эрдэнэс тавантолгой болон жижиг тавантолгой ХХК байгуулагдснаас хойш 10 гаруй жилийн үйл ажиллагааг хянаж шалгана. Үүнээс илүү ажлыг хянаж шалгахаар төлөвлөсөн. Бидний ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байна. Үүнд 2000 худалдан авах ажиллагаа болсон байна. Энэ хэмжээний баримтыг зургаан хянан шалгагч бүтэн шалгадаг гэдэг мэдээлэл өгсөн. Мэдээж хугацаа богино байгааг бид мэднэ. Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Өмнөговь аймагт хянан шалгагч нар ажиллаж, холбогдох нотлох баримтууд авчирч байгаа. Нотлох баримт гаргуулах ажлын явцад зарим нь нотлох баримт гаргаж өгөхгүй асуудал гарч байна. Иймд ажлын даалгавар гаргаж байгаа утга нь энэ юм.
Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой мэдээллүүдийг авах шаардлага үүссэн. Гаалийн байгууллагаас мэдээлэл нь зөрөөд байгаа тул газар дээр нь шалгалт хийх шаардлага үүсэж байна. Мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэр хийжээ. Эдгээр компанийн харилцаа хамаарлыг нэг бүрчлэн тулгаж үзнэ. Нүүрсчид ихээхэн сандруу, мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Сэтгүүлчдэд хүртэл машин өгч амыг нь үдсэн асуудал гарч болзошгүй байна. Тиймээс нүүрсний хянан шалгалтын цар хүрээг өргөтгөж байж энэ ажлын ард гарна. Цаг хугацаагаар шалтгалж зогсохгүй.
Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг одоо шийдэхгүй. Сонсгол болохоос 7 хоногийн өмнө тус сонсголд хэнийг оролцуулах эсэхээ шийдээд явна.
Шинжээчээр Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүний туслахаар ажиллаж байсан хүнийг томилсон байна. Ингэж болохгүй шүү дээ. Хянан шалгагч, шинжээчийг нэрсийг нууцаар баталсан учраас нэрсийг нь хэлэх боломжгүй. Арилжааны банкны мөнгөн гүйлгээг данс хөөх аргаар хөөж үзнэ. Иймд түр хорооноос тогтоол гаргаад арилжааны банкуудад хүргүүлнэ.
Нэмж шинжээч томилох асуудлыг хаалттай байдлаар хэлэлцэхээр санал хурааж түр хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр хаалттай горимд шилжив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.