Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн eрөнхийлөгч асан Х.Мандахбаярыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Түүнчлэн түүнийг хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй 1 жил 6 сарын турш зугтсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд энэ талаар Х.Мандахбаяр "ор үндэслэлгүй" хэмээн тайлбар хийжээ.
МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр:
-Урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Х.Ган-Ялалт гэдэг хүн төрсөн дүүтэйгээ нийлээд сүүлийн хоёр жил намайг хэмлэж байна. Одоо улаан цайм гүтгэдэг боллоо. ХУД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023 оны аравдугаар 25-нд над руу залгаад асууж тодруулах зүйл байна гэсэн. Би гадаад улсад томилолтоор явж ирээд уулзъя гэсэн. Ирэнгүүтээ би мэдүүлэг тайлбараа өгсөн.
Намайг эрж сураад саатуулах гээд байгаа юм ерөөсөө алга. Манай компани нэгэн хөшөө дурсгалыг гэрээний үндсэн дээр худалдаж авсан. Тэр талаар, гэрчээр тодрууллаа. Надад хууль зөрчсөн, ямар нэгэн эрүүгийн хэрэгт татагдсан, хуулийн байгууллагаас зугтаасан зүйл байхгүй.
Энэ мэдээллийг гаргасан этгээдийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаас өөр зам үлдсэнгүй гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.