УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр гурван асуудлыг хэлэлцжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал ярилцсан. Монгол Улсад тулгамдаж байгаа олон асуудлыг эрэмбэлбэл хамгийн эхэнд авилгажсан тогтолцоо орно. Гэтэл одоо оруулж ирж байгаа хууль, тогтоолуудыг харахаар авлигатай тэмцээд байгаа зүйл алга.
Манай улсад авлигажсан тогтолцоо бат бөх суусан байна. Тухайлбал, хотын анхдагч хууль дээр тендер зарлахгүй, шууд худалдан авалт хийнэ гээд заасан байна. Мөн "Эрдэнэс тавантолгой" ХК-д БЭТ /Бүрэн эрхт төлөөлөгч.Сэт/ томилж шууд худалдан авалтууд хийж байгаа.
Гуравдугаарт, Биржийн тухай хуульд төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л уур уурхайн компаниуд бараа бүтээгдэхүүн зарахдаа зөвхөн биржээр арилжина гэж байна. Гэтэл одоо орж ирж байгаа хуулиудад биржийн биш арилжаагаар зарж болно гэжээ. Энэ бүхэн юуг илэрхийлээд байна вэ? Авлигатай тэмцэх уриа, лоозон хааччихсан юм бэ?
Илүү нээлттэй өрсөлдөөнтэй, ил тод болсноор худалдан авалт сонгон шалгаруулалтыг явуулах ёстой. Гэтэл ногоон автобусны хэрэг, нүүрсний гэрээг бид бүхэн бүгд харсан. Магадгүй хотын асуудлыг яагаад хуульд зааж өгөх гээд байна вэ? Магадгүй энэ асуудал нь сонгуультай холбоотой юм биш биз гэдэг хардлага байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд хоёр, гуравхан үг хэлсэн чинь Б.Жавхлан сайд хурал хаяад гараад явсан. Өнөөдрийн Засгийн газар эхлээд зарлагаа зурж байна. Засгийн газрын гишүүдийн хүслийг зурсны дараа, орлогоо бичиж байна. Энгийн нэг гэр бүл сарын зарлагаа ч гэсэн тооцоолж амьдардаг. Гэнэтхэн л машин авна гэдэг шийдвэр гаргаад зарлагаа нэмэгдүүлдэггүй. Харин Засгийн газар ямар ч замбараагүй орлого төлөвлөөд зарлагаа гаргана гэж тооцоолж байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унавал яах вэ?
2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан төсвийн зарлага өнөөдөр 27.4 их наяд төгрөг болоод нэг дахин нэмэгдчихсэн. 2020 оны сонгуулиараа ард иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэх мөрийн хөтөлбөр нь алга болж хүмүүс ядуурсан. Гэтэл дарга нарын зардал хоёр дахин нэмэгдчихээд байна. Үүнийг дагаад Засгийн газрын өр л нэмэгдэнэ. Өнөөдөр 32 их наядын өртэй болчихсон. Энэ жил 241 төсөл арга хэмжээг царцаана гэсэн. 925 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэдэг тооцооллыг Төсвийн зарлагыг дэд хорооноос гаргасан.
Мөн учир, утгагүй их хурал зөвлөгөөн ихээр хийж байна. Заал дүүрэн хүн цуглуулаад хурал зохион байгуулж байна. Ингээд хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүсийн томилолтыг зардлыг даагаад, ууттай бэлэг өгөөд явуулдаг, ингээд "манай намыг 2024 онд сонгоход нөлөөлөөрэй" гэж хэлээд явуулж байна. Хурал чуулган хийгээд хөгжсөн улс хаана байна. Урсгал зардлаа танах боломж хангалттай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.