Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгажээ.
Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа “Н” албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс хууль бусаар мөнгө авсан гэх;
-Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
-Баянгол дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
-Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “А” нь бусдаас хахууль авсан гэх;
-“С” нь Өвөрхангай аймгийн “Хархорин АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт хууль бус давуу байдал бий болгон төрийн өмчит хувьцаат компанид хохирол учруулсан гэх;
-Иргэн “О” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх;
-Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” нь орон нутгийн өмчид их хэмжээний хохирол учруулсан гэх;
-Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.