Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага бүртгэгдэж, 46 хүн сураггүй болжээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдөр Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд, Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болжээ.
Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.
Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байжээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.