Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Хотын дарга тухайн байршилд ажиллаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзжээ. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна.
Хамгийн сүүлд 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1,360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлжээ.
Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал "2005 онд тус барилгын суурийг цутгасан бөгөөд 2023 он хүртэл ямар ч ашиглалтгүй, балгас болсон байсан. 2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж манай эмнэлэгт амаар мэдэгдсэн.
Манай эмнэлэг 1000 гаруй ажилтан, албан хаагчтай. Амбулаториор өдөрт дунджаар 3,000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг. Тэдгээр иргэдийн гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз манай эмнэлэг дээр ажилладаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5.000-6.000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг.
Манай эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй хэдий ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй" гэв.
Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Өдгөө эмнэлгийн авто зогсоолын хүчин чадал хэтэрчихсэн байхад дахиад 20 давхар контор, орон сууцны зориулалттай барилгын оршин суугчид авто машинаа хаана шингээх юм бэ. Гол нь эмнэлгийн хашаан дотроос газар эмтэлж аваад, орон сууц барих нь зохимжгүй зүйл. Хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй тул дэд төвүүдийн хүрээнд газрыг нь нөхөж олгох зохицуулалт хийх боломжтой.
Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй" гэсэн юм.
Ингээд Нийслэлийн Засаг дарга тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо улаанбаатарт газар олгохгүй байвал яасан юм бэ барилга барих зай талбай алга байнашүү дээ шавар ширэнгэнд гацаад гарахч арга алга шуналын дэвүүдийн гайгаас болоод тэр наранхүү бадамжунай энхболд бусад луйварчидын газруудыг бүгдийн цуцлах ёстой