Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Өнгөрөгч сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хурал эхэлсэн ч яллагдагч Т.Бадамжунай “…эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “…хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Өнөөдрийн шүүх хуралдааны эхлэл болон хаалт хэсэг дээр нь хэвлэл оруулахаар болжээ. Төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгчид гаргалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.