Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон. Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарч байв.
Уг хэргийг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцжээ.
Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон.
Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгожээ.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ш гэж Шунхлай компани биз дээ