Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жолооч нарын торгууль төлөлтийг сайжруулах үүднээс зарим нэг зохицуулалтыг тусгасан.
Эрүүгийн хуулийн төсөлд тусгасан жолоочийн хариуцлага, торгууль төлөлттэй холбоотой зохицуулалтаар жолооч торгуулиа хугацаанд нь төлбөл шийтгэлээс 50 хувь хөнгөлөх, хэрвээ торгуулиа төлөхгүй бол шийтгэл дээр торгууль нэмэгдэхээр оруулсан юм. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд жолоочийн торгууль итгэлцүүрээр нэмэгдэж 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дээрх долоон хязгаарлалтыг хийхээр Засгийн газраас оруулж ирсэн.
Тодруулбал,
Уг хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийж, байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хязгаарлалтыг хуулийн төслөөс тэр чигт нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 830 мянган жолооч замын хөдөлгөөний зөрчлийн улмаас торгуулж, 47 хувь нь торгуулиа төлөөгүй байна. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар торгууль төлөлт 26.5 хувьтай байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээр торгууль ихэвчлэн хурд хэтрүүлэх, үзлэг оношилгоонд ороогүй болон тэнцээгүй, нэгдүгээр эгнээгээр зорчсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлөөс үүдэлтэй.
Одоогийн хуулиар жолооч согтуугаар зөрчил гаргавал торгох, уг зөрчил хоёроос дээш удаа давтагдвал 3-30 хоног баривчлах заалттай. Зөрчил гаргасан ч цагдаа зогсоохгүй бол боллоо гэдэг хандлага манайханд бий. Гэтэл бусад улсад согтуугаар жолоо барих үйлдлийг эрүүгийн хэрэг гэж үздэг. Бид 2021 онд 40,532 иргэний жолоодох эрхийг өршөөлийн хуулиар сэргээж, “толгойг нь илж” байв.
Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд RFID технологийг нэвтрүүлж, төхөөрөмжүүдийг суурилуулж дууссан. Түүнчлэн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болох юм.
Мөн 2015 оноос хойш автомат системийн тусламжтайгаар 3.4 сая гаруй зөрчлийг илрүүлсэн. Үүнд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч үүнээс 47.9 тэрбум төгрөг л төлөгдсөн бөгөөд үлдсэн 33 тэрбум төгрөг нь одоог хүртэл төлөгдөөгүй байна.
Харин Хууль зүйн байнгын хорооны гишүүд “Төр торгуулиа авч чадаагүйнхээ төлөө иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хязгаарлах нь буруу” гэж үзсэн. Уг нь татвар, торгуулиа төлдөггүй жолоочийг хариуцлагажуулах зохицуулалт энэ байв. Тэдгээр жолооч нар өдөр бүр татвар, торгуулиа хугацаанд нь төлөөд, оношилгоондоо ороод явж байгаа бусад жолооч нартай адилхан эрх эдэлж, замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцож байгаа юм. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд тэдгээр хариуцлагагүй жолооч нарын толгойг илсэн шийд гаргаж, тэднийг “хазаарлах” зохицуулалт байнгын хорооны босго давсангүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.