Чингэлтэй дүүргийн АН-аас УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд өнөөдөр жагсаал зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ. Монгол Улсын хүн ам бүр 33 сая төгрөгийн өртэй байгаа талаар онцоллоо.
Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1911 онд харийн худалдаачид, эд бараа, малыг иргэдээс хураан авч, ардаас авах өрийн дансыг “Ард” А.Аюуш нь эсэргүүцэж, шатааж байсан түүхэн үйл явдлыг сануулж, АН-ынхан Хэлмэгсэдийн хөшөөний өмнө “өрийн бичиг” шатаах арга хэмжээг зохион байгуулав.
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан:
-Монгол Улс дэлхийд хамгийн их баялагтай улс ч хамгийн ядуу амьдарч байна. Монголын иргэн бүр 33 сая төгрөгийн өртэй болжээ. Цогтой тэмцэгч Ард Аюуш нь 1911 онд Ховд аймагт Цэцэг нуурын дугуйланг үүсгэн байгуулж, дарлагдсан ард түмнийг хамгаалж тэмцэж явсан байдаг. Ард Аюуш нь манжид дарлагдаж, өрөнд орсон ард түмний өрийн бичгийг шатааж, олон түмнээ хамгаалж тэмцэж явсан. Энэ үйл явдлыг дурсан сануулж “Өрийн бичиг”-ийг шатааж байна.
Монголын ард түмнийг МАН өрөнд оруулж, доромжилж байна. Эрх баригчдын хулгай луйвар дэндсэн. Тухайлбал, ногоон автобусыг худалдан авсан луйвар. Худалдан авалт хийсэн хотын удирдлагуудыг огцруулаад болчихгүй, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. АТГ эрх баригчдад үйлчилж байна.
АН-ын Засгийн газрын үед 15 сая төгрөгийн өртэй байна гэж шүүмжилж байсан ч одоо иргэн бүр 33 сая төгрөгийн өртэй болжээ. Үүнээс ч нэмэгдэх тооцоо байна. Тэгэхээр Монголын ард түмний мөнгө, гадаадаас авсан зээлийг МАН хувааж хулгайлж байна. МАН хулгай луйвар хийсэн албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа. МАН-ынхан хууль бусаар хөрөнгөжиж байна. Ерөнхий сайд намынхаа хулгай хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.