НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох нийтийн өргөдлийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх тус асуудлаар ажлын хэсэг гаргахыг дэмжлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгосноор, иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно. Өөрөөр хэлбэл, төсөвт нэмэлт орлого төвлөрч, нуусан орлогыг дагаад бусад татварын орлого ч нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой. Тухайлбал, 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ. Түүнчлэн 50 саяас дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт өнгөрсөн онд 1.9 их наяд төгрөг байсан. Мөн 50 саяас дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлдөггүй хэдий ч нийт борлуулалт өмнөх онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Иймд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ.
Үүнээс гадна “D-Өргөдөл” цахим системийг нэвтрүүлснээр иргэд анх удаа төрийн үйл хэрэгт шууд, бодитоор оролцож байгаагаас гадна 100 мянгуулаа нэгдэж, саналаа өгвөл хэвтээ хяналт, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, цаашлаад авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэх шинэ хөшүүргийг бий болгоно. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104.791 иргэн саналаа өгсний 30.4% нь 18-25 насныхан, 21.8% нь 26-30 насныхан, 22.3% нь 31-35 насныхан байжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-НӨАТ-ын 10 хувийг багасгаж байж татварын бааз суурь сайжирна. 5 хувь болгож байж л татварын бааз суурь нэмэгдэнэ. Нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 120 мянган ААН байгаа. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч байгаа. 40 мянгаас нь таван хувь болгохгүй бол татвар төлөгч болж нэмэгдэж орох нь бага. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олголт нь хоёр хувь, төлж байгаа нь гурван хувь болох нь илүү үр дүнтэй гэж харж байна. НӨАТ-ын татвар өндөр байгаа учраас Замын-Үүдээр орж ирж байгаа орж ирж буй ихэнх бараа бүтээгдэхүүнүүд анхнаасаа бүрдүүлэлтээ буруу бүрдүүлж мэдүүлдэг. Анхны импортын мэдээлэл худлаа учраас бүх бараа бүтээгдэхүүний нэршил буруу яваад байна.
Манай Ардчилсан намын бүлгээс Г.Занданшатар даргын гаргасан энэ хуулийг дэмжинэ гэдэг шийдвэрлэсэн. Гэхдээ хэлэлцэх явцдаа НӨАТ-ын хувийг багасгаж байж татвар төлөгчдийн тоо нэмэгдэх үндэслэл болно гэсэн бөгөөд НӨАТ 5 хувь болгох хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Төсөл өргөн баригдсан энэ үед ийм асуудал оруулаад ирсэн нь ихээхэн ойлгомжгүй байна. Гишүүдийг хоёр талцуулсан зүйл болчихоод байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох гэхээр 600 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвөө задлаад хөрөнгө оруулалтаа хасаж таарах байх. 2023 онд бараг шинэ хөрөнгө оруулалт байхгүй байгаа. Эдийн засаг сайжраад цалин тэтгэвэр нэмэгдэх гэж байхад яг энэ үед энэ буцаан олголтыг нэмэгдүүлэх нь хэр зөв вэ? Тооцоо судалгаагаа хийж, мэргэжлийн хүмүүсээсээ асуухгүй юм уу?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Иргэд санал өгч, өргөдөл гаргах эрх нь нээлттэй. Тус асуудлыг судалж, хэлэлцээд бодлогын баримт бичиг гарах, олон нийтийн хэлэлцүүлэг хийх эрх нь байнгын хороод байдаг. Мөн хуулийн зөрчил байгаа тохиолдолд Засгийн газар, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх боломжтой. Мөн хуулийн төслийн ажлын хэсэг гаргах боломжтой гэв.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох нийтийн өргөдлийг хэлэлцэх ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.