Олон улсын болон Азийн холбооны эмнэлэг, допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан нь нэгэн ноцтой мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй. Допингийн эсрэг байгууллагатай М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан” гэх мэдээлэл гаргасантай холбогдуулан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал М.Мөнхболдоос тодрууллаа. Мөн тэрбээр допингийн шинжилгээг хэрхэн авдаг талаар тайлбарласан юм.
Гүйцэтгэх захирал М.Мөнхболд:
-Юуны өмнө 16 бөхөөс допинг илэрсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй, худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Үндэсний их баяр наадмын тухай хуульд, “Дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд баяр наадмаар дөрөв давсан 32 бөхөөс төв цэнгэлдэх хүрээлэнд шинжилгээ авсан.
Долоодугаар сарын 12-нд шинжилгээг авахад АТГ болон хуулийн байгууллага хяналт тавьж ажилласан. Дээжийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын албан өрөөнд хуулийн байгууллагын хяналт дор авчирж, шөнө нь ч АТГ-ын ажилтан, холбогдох хүмүүс хянаж хоносон. Маргааш нь шууд БНСУ руу илгээсэн. Дээж авахаас эхлээд БНСУ-ын шинжилгээний лаборатори луу илгээх хүртэл хуулийн байгууллага хяналт тавьж ажилласан.
Нөгөөтэйгүүр допингийн шинжилгээ авах явц, битүүмжлэл зэрэг нь шинжилгээг солих, өөрчлөх ямар ч боломжгүй. Шинжилгээний хариуг хувийн мэйл хаягаар авдаг мэтээр мэдээлэл гарч байна. Манай байгууллага “gmail” хаяг ашигладаг. Албан ёсны тэр хаягаараа бөхчүүдийн шинжилгээний хариу авсан. Хариуг өөрчлөх ямар ч боломжгүй байдаг. Учир нь бөхчүүд шинжилгээний саванд өөрсдөө дээжээ хийж, түгждэг. Тэр савыг нэг түгжсэн бол эргээд онгойлгох боломжгүй. Солонгосын лаборатори өөрсдөө тусгай тоног төхөөрөмжөөр онгойлгож, дээжээ шинжилдэг. Бөхчүүд шинжилгээний дээж хийсэн савныхаа дугаарыг өөрсдөө мэдэж байгаа учраас шинжилгээний хариуг өөрчлөх, дээжийг солих ямар ч боломжгүй байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.