Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны хөрөнгө мөнгөний үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчид мэдээлэл хийлээ.
"Эрдэнэтийн уурхайчид" багийн тоглогч Г.Баттөр:
-Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээн 11 дүгээр сарын 3-нд эхэлнэ. Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбоо хоорондын үл ойлголцлоос болж, нийт 5 багийн 70 тамирчин лигийн тэмцээнд тоглох боломжгүй болоод байна. Тамирчид бидний хувьд нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд албан ёсны нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байна. Сагсан бөмбөгийн Эздийн холбооны өчигдөр гаргасан мэдэгдэлд уян хатан байдлаар асуудалд хандаж, шийдвэрээ эргэж харахыг сагсан бөмбөгийн холбооноос хүссэн байна лээ.
“Хасын хүлэгүүд” багийн ахлагч, ОУХМ Б.Билгүүн:
-Манай багийн хувьд эздийн шийдвэрийг дагаж, дээд лигт орно. Тэмцээн эхлэхээс долоон хоногийн өмнө ийм шийдвэр гарсанд харамсалтай байна. Сагсан бөмбөгийн холбооны дүрэм журмаар явах нь зөв. Энэ асуудлыг ирүүлсэн гол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, асуудлаа шийдвэрлэж, нэгдмэл лиг байх орон зайг үлдээх хэрэгтэй. Сагсан бөмбөгийн холбоо бидний хүсэлтийг бодолцож, тамирчдыг нэг лигт тоглуулах хүртэл миний хувьд “Хасын хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй гэдгээ илэрхийлж байна.
“Эрдэнэтийн уурхайчид” багийн тамирчин, ОУХМ Т.Санчир:
-Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж, арван жилийн нүүрийг үзсэн. Тамирчдын саналаар холбоогоо нэгтгээд дөнгөж нэг жил өнгөрсөн байхад дахиад хуваагдахаар боллоо. Тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд бүгд ийм хагаралтай үеийг туулж үзсэн. Дахиад хоёр талд лигтэй байхыг хүсэхгүй байна. Сагсан бөмбөгийн спортод үзэгчид чухал. Тиймээс үзэгчдийн эрх ашгийг бодолцож шийдвэр гаргахыг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.