Монголын сүмо бөхийн хөгжлийн өчигдөр, өнөөдөр, маргааш буюу өнгөрсөн, одоо, ирээдүйд анхдагчууд заавал холбогдоно. Анхдагч гэхээр сүмогоос
албан ёсоор зодог тайлах хүртлээ амьдралаа энэхүү спортод зориулсан гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нар юм. Гурван цаг үеийн хэлхээст тэдний үлдээсэн мөр тодоос тод үлдэх нь дамжиггүй.
Монголчууд сүмо бөхийн спорттой анх танилцаад 26, холбоотой болоод 25 жил болжээ. Энэ хугацаанд дээрх гурван эрхмийн нэг гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр уг спортыг эх орондоо эрчимтэй хөгжүүлэх гэж сэтгэл зүрхээ зориулсаар явна. Тиймээс Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний нөхдийн эхлүүлсэн түүчээг гурван цагийн хэлхээст хувааснаа сийрүүлье.
1992 оноос Монголын сүмогийн хөгжлийн өчигдөр эхэлж байгаа юм. Оошима ояката манай улсыг зорин ирж Японы сүмод цахиур хагалах сүмочдыг
төрүүлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулсан байдаг. Ингээд Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат тэргүүтэй зургаан
хүнийг тэнцүүлж арлын орон руу авч явсан түүхтэй. Ингээд газар мэдэхгүй арван хэдхэн настай залуус харийн хүн дагаж, гаднын спортын хатуу дэг
жаягтай спорттой танилцахаар Японд хөл тавьжээ. Тэд сүмогийн хатуу дэгтэй бэлтгэлээс халшралгүй явсаар мэргэжлийн сүмод өөрийн гэсэн нэр хүндтэй болохын сацуу сонирхогчдын сүмод монголчууд амжилт гаргах эхлэл болж чадав.
25 жилийн хугацаанд зөвхөн мэргэжлийн сүмод 30 гаруй бөх хүч үзэх болсон. Өнгөрсөн хугацаанд Японы үндэсний спортод хүч сорих монгол бөхийн тоо 30 давсан нь дээд амжилт юм. Ер нь Монголд сүмо бөх хөгжиж эхэлсэн жил буюу 1992 он онцлог жил байж. Тодруулбал, 1992 оноос монголчууд мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн. Тэр ч бүү хэл сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулахад Монголын бөхчүүд багаараа хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 23 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл дэлхийн аваргаас 14 алтан медаль хүртжээ. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд авсан мөнгө, хүрэл медалийг нь тоолбол “хөөрхөн” тоо гарна. Сонирхогчдын сүмогоор
дэлхийн хамгийн хүнд жинтэй бөхийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ өвдөг шороодуулсан, мэргэжлийн сүмогийн гурав дахь гадаад аварга Монголоос
төрсөн гээд өнгөрсөнд дурдагдах амжилт цөөнгүй бий.
Өнгөрсөнд эхлүүлсэн амжилтыг өнөөдөр мэргэжлийн сүмод 20 гаруй бөх түүчээлж байна. Сүмогийн “алтан хараацай”-гийн замналаар Монголоос дөрвөн ёкозүна цолтон төрснөөс хоёр нь одоо ид барилдаж байгаа.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар зодог тайлсан ч сүмогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн болсон. Өнөөдөр мэргэжлийн сүмод Хакүхо 41, Асашёорюү 25, Харүмафүжи ес, Какүрюү тав, Кёкүтэнхо нэг, нийт 81 түрүүг монголчууд авчээ. Түүнчлэн их аварга Хакүхо мэргэжлийн сүмогийн бүхий л дээд амжилтыг өөрийн дээр бүртгүүлсэн. Цаашид ч түүнд дээд
амжилтуудыг шинэчлэх боломж бий.
Үүнээс гадна өнөөдөр мэргэжлийн сүмод өөрсдийгөө шилдэг бөх хэмээх цоллуулж яваа экс озэки Тэрүнофүжи, комүсүби Ичиножо, маэгашира Такаинова, экс комүсүби Тамаваши тэргүүтэй шилдгүүдийн түүчээлж буй амжилт өнгөрснөөс буюу Кёкүшюзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нараас эхлэлтэй. Яг өнөөдөр монголчууд сүмогоор байж болох дээд амжилтаа гаргасан. Өөрөөр хэлбэл, сүмогийн оргилд нь монгол хөвгүүд гарчээ. Сонирхогчдын сүмод ч тогтмол шилдэг гуравт багтаж байгаа нь манайхны амжилт оргил цэгтээ хүрч буйн илрэл.
Япончууд үндэсний спортын нэг төрөл болох сүмогоо олимпийн хөтөлбөрт багтаахын тулд шаргуу хөөцөлдөж буй. Үүний нэг тод жишээ нь 2020 оны Токиогийн олимпийн нээлтэд сүмог үзүүлэх тоглолтоор оруулахаар бэлтгэж байгаа гэх. Магадгүй энэ нь 10 жилийн дараачийг харсан алсын хараа байж мэднэ. Мэргэжилтнүүдийн таамаглалаар 2028, эсвэл 2032 оны зуны спортын наадмын хөтөлбөрт сүмог багтах боломжтой хэмээн ярьж буй. Хэрвээ биеллээ олбол монголчууд чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагаас гадна сүмогоор олимпийн медальтан, цаашлаад аваргатай болох боломж бүрдэнэ. Магадгүй 2032 оны олимпод сүмо багтвал Монголд сүмод хөгжсөнөөс хойш 40 жилийн дараа энэ төрлөөр олимпийн медальтантай болж мэдэх юм.
Япончуудын энэ мөрөөдөл манайханд хамгийн их ашигтай. Сүмог эх орондоо дэлгэрүүлсэн зүтгэлтнүүд үүнийг хүлээж байгаа нь дамжиггүй. 2020 оны
Токиогийн олимпийн нээлтэд япончууд сүмог олон хүний сонорт, хамгийн сонирхолтой байдлаар үзүүлэхийн тулд одооноос төлөвлөгөө гаргаж буй.
Мэдээж энэхүү үзүүлбэрийн гол эздийн нэг нь өдгөө мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг эзэмшиж буй 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал
байх нь дамжиггүй. Эндээс харахад Монголын сүмо бөхийн хөгжлийн ирээдүй тод, гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ бүхний төлөө сүмогийн алтан хараацай Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг зориуд дурдах хэрэгтэй болов уу. Магадгүй ирээдүйд
ч тэр ажилласаар байж мэднэ. Сүмо бөх Ховд аймгаас гаралтай хүү Д.Батбаярыг мэргэжлийн сүмогийн алтан хараацай, мэхний их дэлгүүр болгосон. Тэр утгаараа тэрбээр хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Би сүмо бөхөд өртэй хүн. Энэ спортын ачаар би өдий зэрэгтэй болсон. Булган сүүлтэй байснаараа өнөө цагт сүмогийн нүүр царай болсон олон монгол аварга мэндэллээ. Ирээдүйд ч шинэ аварга, арслангууд төрөхийг үгүйсгэхгүй. Тиймээс Монголын сүмогийн өнөөгийн хөгжлийг цаашид улам их дэлгэрүүлэхийн төлөө хичээх болно. Энэ бол миний үүрэг” хэмээн дурдсан байдаг. Монголын сүмогийн өнгөрсөн, одоо, ирээдүйг тольдоход ийм байна. Монголд сүмо бөхийн спорт хөгжсөний 26, холбоо үүссэний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Б.Мөнхзул