СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-10-31

"Сүнсний баяр"-аар гарсан онцлох гэмт хэргүүд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Жил бүрийн 10 дугаар сарын сүүлчийн өдөр “Halloween” буюу Сүнсний Баяр тохиодог. Сүнсний баярыг Христэд итгэгчид анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд “Allhalloween” /hallow–ариун нандин зүйл/ буюу нандин шүтээн, сахиусан тэнгэр, өөд бологсдоо эргэн дурсаж, тэднийхээ төлөө тахил өргөх ёслол үйлдсэнээр анх үүссэн гэж үздэг.

Анхлан хуучны Ирланд үндэстнүүд 10 дугаар сарын 31 өдрийн яг нар жаргах үеэс эхлэн үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглардаг гэж үздэг тул айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг уламжлал тогтоожээ. 

“Halloween”-ий баяраар Америкчууд багт наадам мэт янз бүрийн өмсгөл өмсөж, хулууг зүсч гэр орондоо тавьдаг. Мөн бяцхан хүүхдүүд баг зүүж чихэр, шоколад, амттан цуглуулахаар айл хэсдэг байна.

Гэвч энэ уламжлал жилээс жилд гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж буйг дэлхийн хэвлэлүүдэд гарч буй мэдээллүүд нотолж байна. 

Жишээлбэл, АНУ энэ баярыг бусад улс орнуудаас хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг боловч сүүлийн жилүүдэд  "Жилийн хамгийн аюултай өдөр" гэх болжээ. Сүнсний баяр голдуу 17 цагаас шөнийн 24 цаг хүртэл үргэлжилдэг. Яг энэ үеэр 4-8 насны хүүхдүүд эрсдэлд ордог бөгөөд гэмт хэргийн гаралт, нас баралт 17 хувиар нэмэгддэг гэж Нью Иорк хотноо хийсэн судалгааны дүн харуулсан байна.

Сүнсний баярын үеэр амттан цуглуулж явсан хүүхдийн сагснаас хар тамхитай чихэр илэрсэн хэрэг Канадад 2018 онд гарчээ.  

2019 онд мөн Канадад төмрийн хэлтэрхий юмуу сахлын хутганд ашигладаг хурц иртэй эд зүйл агуулсан шоколад, амттангууд чихрийн цуглуулга дунд байсан тохиолдол олон гарсан байна. 

2017 онд 11 настай охин метал үйрмэгтэй шоколадаар дайлуулсны улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан харамсалтай хэрэг олон нийтийг хамгийн ихээр цочроож байсан аж. 

2012 онд Испанийн нийслэл Мадрид хотноо “Halloween” аймшгийн баярын үдэшлэгийн үеэр олон зуун хүний хөлд гишгэгдэн гурван хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Хохирогчдын хоёр нь 18 настай, нэг нь 25 настай бүсгүй байсан гэнэ. “Madrid Arena”-д болсон “Halloween” баярын хөгжмийн шоунд цугласан олны дунд үймээн дэгдсэнээс дээрх хэрэг гарч, хаалганы орчимд хүмүүс шахцалдан үймснээс болжээ.

Японы Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан байна.

Өнгөрсөн жил “Halloween”-ий баярыг Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт тэмдэглэх үеэр 20 хүртэлх насны өсвөр үеийн 151 хүүхэд амиа алдаж, 82 нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан нь дэлхий нийтийг цочроож, сүнсний баярыг тэмдэглэх эсэх асуудлаар олон улсад анхаарлын тэмдэг үлдээсэн. 

2021 оны энэхүү баярын үеэр Калифорни мужийн Сакраментогийн нэгэн дүүрэгт Roayl Castle- ийн үдэшлэгийн танхимд Хэллоуинд зориулсан эротик үдэшлэг зохион байгуулагдах үеэр гэмт этгээдүүд гал нээсэн байна. Энэ хэргийн улмаас хоёр хүн газар дээрээ амиа алдаж, таван хүн шархаджээ. 

Сүнсний баярыг цус урсгасан үдэш болгосон тохиолдол нь ганц энэ хэрэг байсангүй. АВС агентлагийн мэдээлснээр, Техас мужид мөн л дээрх үдэшлэг дээр гарсантай ижил хэрэг болсон байна. Цагдаагийнхны мэдээлснээр, Тексаркан дахь нэгэн клубт Хэллоуиний үдэшлэгийн үеэр нэгэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн шархаджээ.

Манай улсад өнгөрсөн жилийн сүнсний баяраар айл хэсэж чихэр цуглуулж явсан охиныг согтуу хүн айлгаж хөөсөн, хоёр эрэгтэй хүүхдийг айлын эзэн зодсон зэрэг ахуйн шинж чанартай ч жижиг гэлтгүй гэмт хэргүүд гарч байжээ. 

Дэлхийн улс орнууд жил бүрийн 10 дугаар сарын 31-нд "Halloween" буюу "Сүнсний баяр"-ыг албан ёсоор тэмдэглэдэг ч манай улсын хуввд, БШУ-ны сайд асан Ё.Баатарбилэг 2019 онд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх тушаал гаргасан. Энэ жил ч мөн уг баярыг бүх шатны сургууль тэмдэглэхгүй байх тушаал хэвээр байх ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.