Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар хотын иргэдэд хандан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, Монгол эх орныхоо нийслэл хотын түүхийг бичилцэж, монгол түмнийхээ бүтээн туурвиж, өвлүүлэн үлдээсэн гүн бат зам мөрийг үргэлжлүүлэн зурж, бүтээлцэж яваа эрхэм ТАНД нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.
Улаанбаатар хотын түүхийн эхлэлийг шастир номын хуудаснаа “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ цаг мөчөөс нийслэл хот маань монгол хүн бүрийн хөгжин дэвжих, хотжин хөгжих хүсэл тэмүүллийн эх нутаг, өргөө хот болсон билээ.
Ажил, амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулж буй энэ цаг хугацаа Та бидэнд илүү сайныг бүтээж, илүү сайханд тэмүүлэх түмэн шалтгааныг учирлаж, түмэн алдааг ч нээн харууллаа. Иймд Монгол эх орны маань нүүр царай, нэрийн хуудас болсон Улаанбаатар хотоо дэлхийн энтэй хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх эрхэм ерөөлийг өргөе.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэл Улаанбаатар хот үүрд мандан бадраг! гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.