УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто тээврийн салбарынханд хандаж дараах мэндчилгээг дэвшүүлжээ.
Тэрбээр, Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжлийн судас болж, авто замын салбарт хүч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулж буй үе үеийн авто замчид та бүхэндээ авто замын салбар үүсэж, хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодит ажил хэрэг болгоход эх орныхоо хөгжлийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй авто замчдын үүрэг, оролцоо чухал билээ.
Замчид та бүхний чин сэтгэлийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд бид өнгөрсөн 2022 онд 21 аймгийн төв, 96 сумаа нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Монгол Улс Дэлхийн банкны 2023 онд гаргасан логистикийн индексээр 30 байраар урагшилсан гэдгийг дуулгахад таатай байна.
2023 онд бид авто замын салбартаа ЧАНАРТАЙ ЗАМ ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт тавьж шинээр 419 км хатуу хучилттай авто зам, 928.83 у/метр төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн ажлаа ч мөн бүрэн биелүүллээ.
Ирэх жилүүдэд Боомтын сэргэлт зорилтын авто замын төслүүд үргэлжилж, “Шинэ сэргэлтийн таван цагираг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бага Илэнхи-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.
Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ өөр хооронд нь холбох төдийгүй Ази Европыг холбосон авто замын таван коридортой болно.
Мөн 2024 онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган зэрэг аймгийн нийт 350 гаруй км улсын чанартай авто замд их засвар хийхээр төлөвлөсөн билээ.
Авто замын засвар арчлалтын стандарт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд миний бие онцгойлон анхаарч байна.
Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас зорьсон зорилтыг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, авто замчид Та бүхний маань хичээл зүтгэлийн үр дүнд зорилго маань бүрэн дүүрэн хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх орныхоо хөгжлийн судас, амьдрал залгуулагч авто замын салбарынхан та бүхэндээ дахин баяр хүргэж, Алтан шар замын ивээл ашид мөнхөд оршихын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.