УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэх бүх нийтийн санал асуулгаар “D-Өргөдөл” цахим системийг нээснээс хойш долоо хүрэхгүй хоногийн хугацаанд 104.791 иргэн цахим гарын үсэг, ДАН системээр дамжуулан дэмжихээ илэрхийлсэн.
Тэгвэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар, саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ гэж заасан. Уг хуулийн дагуу өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Тэрбээр, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулахдаа иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн давхардсан саналууд, МҮХАҮТ, СЕО клуб, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газрын холбогдох судалгаа, тайланг харгалзсан гэдгээ тодотгов.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгосноор, иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно гэж онцолсон юм. Өөрөөр хэлбэл, төсөвт нэмэлт орлого төвлөрч, нуусан орлогыг дагаад бусад татварын орлого ч нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтойг дурдлаа. Тухайлбал, 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ. Түүнчлэн 50 саяас дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт өнгөрсөн онд 1.9 их наяд төгрөг байсан гэв.
Мөн 50 саяас дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлдөггүй хэдий ч нийт борлуулалт өмнөх онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын дарга тайлбарлалаа. Үүнээс гадна “D-Өргөдөл” цахим системийг нэвтрүүлснээр иргэд анх удаа төрийн үйл хэрэгт шууд, бодитоор оролцож байгаагаас гадна 100000-уулаа нэгдэж, саналаа өгвөл хэвтээ хяналт, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, цаашлаад авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэх шинэ хөшүүргийг бий болгоно хэмээн УИХ-ын дарга мэдэгдэв. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104.791 иргэн саналаа өгсний 30.4% нь 18-25 насныхан, 21.8% нь 26-30 насныхан, 22.3% нь 31-35 насныхан байжээ. Өөрөөр хэлбэл, 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар, шинэ үеийн залуус тодорхой хэрнээ зөв бодлого дээр өндөр идэвхтэй, тууштай чиг баримжаатай оролцож чадна гэдгээ харуулахын сацуу нөгөөтэйгүүр аливаа асуудалд хөшүүн, хойрго хандлагаараа төр нь иргэдээсээ хоцорч явааг сануулсан явдал боллоо гэв.
Нийтийн өргөдлийн саналын дүн холбогдох журамд заасан шаардлагыг ээлжит чуулганы үеэр хангасан бол Байнгын хороо 14 хоногийн дотор уг асуудлыг авч хэлэлцэх ёстой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.