Энэ онд “Youtube” сувгийг ашиглаж хамгийн их ашиг орлого олсон хүнээр долоон настай сэргэлэн жаал хүү тодорчээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр Райн хүүгийн хөтлөн явуулдаг “Ryan Toy Review” нэвтрүүлэг 22 сая ам.долларын ашиг цуглуулсан байна. Өнгөрсөн ням гарагт байршуулсан аварга цэнхэр өндгөн тоглоомын тухай нэвтрүүлгийг хоёр хоногийн дотор гэхэд сая гаруй хүн үзжээ.
“Forbes” сэтгүүлд нийтэлснээр хөгжилтэй, сонин содон бичлэгийг “Youtube” сувгаар хүргэдэг “Dude Perfect” суваг 20 сая ам.долларын ашиг олсноор энэ оны жагсаалтын гуравдугаарт оржээ.
Райны энэ жилийн орлого 2017 оныхоос хоёр дахин өссөн байна. Түүний бичлэгийг хүүхдүүд яагаад үзэх дуртай байдгийг өөрөөс нь асуухад “Яагаад гэвэл би хөгжилтэй” гэж хариулсан байдаг.
Жаал хүү хамгийн анхны бичлэгээ 2015 оны гуравдугаар сард “Youtube” сувагт эцэг эхийнхээ тусламжтай байршуулж байв. Үүнээс хойш нийт бичлэг нь 26 тэрбум үзэлттэй, 17,3 сая дагагчтай болжээ. “Forbes”-ын дэлгэрэнгүй танилцуулснаар Райны цуглуулсан 22 сая ам.долларын нэг саяыг сурталчилгаанаас, үлдсэнийг нь төлбөртэй постуудаас олжээ.
“Youtube”-р дамжуулж төлбөртэй постоор мөнгө олох нь тийм ч нийтлэг биш. Гэвч тоглоомын талаар тайлбарлах нь шилдэг видео сувгуудын нэг юм. Өнгөрсөн наймдугаар сард “Walmart” сүлжээ их дэлгүүр Райныг эцэг эхтэй нь хамт урьснаар тоглоом, хүүхдийн хувцаснуудаа амжилттай борлуулж чаджээ. “Walmart”-д хийсэн Райны бичлэгийг гурван сарын хугацаанд 14 сая хүн үзсэн байна. Райны тус дэлгүүртэй байгуулсан гэрээ ирэх жил ч үргэлжлэх аж.
Хүү насанд хүрээгүй учраас түүний орлогын 15 хувийг банкны хадгаламжинд хийж, насанд хүрэхээр нь өгөх юм байна.
Эх сурвалж: www.bbc.com