УИХ-аар 2024 оны төсөв хэлэлцэж буй. Байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр багийн төв болон сумдын Засаг даргын тамгын газрын байрыг шинээр барих ажлын төсөв өнгөрсөн жилийнхээс хэд дахин өссөн асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Ковидтой холбоотой үнийн өсөлт гээд төсөв нэмэгддэг нь утгагүй болж байна. Багийн төвийн барилгыг тэрбум төгрөгөөр барьдаг болох нь. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн барилгын төсөв өнгөрсөн жил 200 гаруй сая төгрөг байсан чинь энэ жил 857 сая төгрөг болжээ. Намайг гурван жил гаруйгийн өмнө аймгийн Засаг дарга байхад багийн төвийг 75-100 сая төгрөгөөр барьж байсан. Багийн төвийн барилга үсрээд л 100 мкв байгаа. Тэгэхээр багийн төвийн барилгын төсөв 857 сая төгрөг болсон байна. Энэ хэчнээн мкв барилга байна аа. Яагаад өнгөрсөн жилээсээ дөрөв дахин нэмэгдэв. Өнгөрсөн жил тендерээр 200 гаруй сая төгрөгөөр авчихаад, энэ жил үнийн зөрүү гээд төсвийн магадлангаар оруулаад нэмээд орж ирж байгаа нь утгагүй байна. Энэ нь төсөвт маш их дарамт болно. Нэг жишгээр баригдах ёстой.
Мөн иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга сумдад баригдах юм байна. Бодвол сумдын тамгын газар байх. Сумдын тамгын газрын бүтэц орон тоо бүгд адилхан шүү дээ. Нэг дарга, нэг орлогчтой. Нийт 13 хүнтэй. Гэтэл Архангай аймгийн Булган сумын ЗДТГ-ын байрыг 6 тэрбум, бусад сумдын байрыг нь 2.4 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байна. Архангай аймгийн Булган сумын ЗДТГ-ынхан бусад сумдынхаас хоёр, гурав дахин том өрөөнд суух юм уу. Сумдын ЗДТГ-т ажиллах ажилчдын тоо бүгд ижил юм чинь байрыг нь нэг адил загвараар барих ёстой. Энэ орж ирсэнээр нь батлаад явах юм бол буруу жишиг рүү орох гээд байна. Булган сумын ЗДТГ-ын байр яагаад бусдаасаа өндөр өртөгтэй байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Барилгын хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төвөөр магадлан хийгдсэн, төсөвт өртөг нь нэмэгдсэн ажлуудыг бүгдийг нь давхар аудитаар оруулж байгаа. Аудитаар орсон төслүүдийг дахин магадлах боломжгүй. Төсөв яагаад зөрүүтэй вэ гэвэл, Сангийн яамны системээр орж ирж байгаа бүх төслүүд нь сайд нараас шаардлага нь хангагдаад орж ирж байгаа төслүүд шүү. Тэр дотор нэг ижил зургаар орж ирсэн төсөл байхгүй. УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн төслүүд л тийм байгаа. Хэрэв тийм шаардлага тавьж байгаа бол бүгдэд нь ижил шаардлага тавих хэрэгтэй.
Ер нь нэг ижил зургаар адилхан төсөвтэй барилга барина гэдэг боломжгүй болчихоод байгаа юм. Өмнөговь аймагт цэцэрлэг барих, өөр аймагт яг ижил зургаар цэцэрлэг барихаар төсөв нь өөр гарч ирдэг. Байгаль орчны үнэлгээ хийнэ, дэд бүтэц татна, хаашаа харуулж барих уу гэдгээс хамаараад төсөв өөр гардаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.