СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгорын хуучин дарга нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон.

Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.

Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургаадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хөшөөт гэх газарт нөхөөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд ийм хэмжээний мөнгө хахууль болгож өгсөн байдаг.

Тэдэнтэй хамт ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нарыг буруутган АТГ-т шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Засаг дарга асан Г.Батжаргалын тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилга, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр ажилладаг найз С.Мөнхболдынхоо эзэмшлийн “Агьхаарвист” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээ хийлгэн өөрөө баталж, тус аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэдэг газарт 318 га талбайд ашигт малтмал олборлох эрх олгож давуу байдал үүсгэсэн байдаг.

Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Батжаргалыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан үйлдэлд нь тус бүр 15, нийт 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хасжээ. Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая, Д.Ихбаярыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хязгаарласан байна. Д.Сайнбилэгийг 4.5 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр, З.Эвлэгсайханыг таван сая, С.Мөнхболдыг 10 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3-5 жилээр хасах ял оноожээ. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.207

Шийтгэх гэж шагначих юм байна л доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.