Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Франц Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг нарын хийсэн Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Францын эртний түүхэн цогцолбор Версалийн хааны ордны Дуурийн театрт “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо 10 дугаар сарын 11-ний өдөр хийсэн билээ.
Энэ тоглолтоор үндэсний урлаг соёлоо дэлхийн сонгодог урлагтай хослуулан Францын төр, засгийн байгууллагын хүндэт зочид, Франц болон олон улс орны иргэд үзэгчдэд, Парис хотноо төвтэй олон улсын байгууллагууд, тус улсад суугаа Элчин сайдын яамд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч газруудын удирдлага, төлөөлөгчдөд амжилттай толилуулсан юм.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү Францын Үндэсний цогцолбор Версалийн ордны Ерөнхийлөгч хатагтай Катрин Пэгарийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Версалийн ордонд дурсгаж буй дурсгалын зүйлийг гардуулан өгөв.
Энэ ташрамд Элчин сайд У.Нямхүү дэлхийд гайхагдсан түүхэн тайзнаа Монгол Улсын соёлын элч Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулахад, нэн өндөр хариуцлагатай тус арга хэмжээг бэлтгэх бүхий л шатанд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласанд хатагтай К.Пэгар, хамт олонд нь чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.
Хатагтай К.Пэгар Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн ур чадвар, хүндэтгэлийн концертыг уригдсан үзэгч, зочид маш өндөр үнэлж байгааг, тоглолтын хөтөлбөр шилдэг байсныг өндөр үнэлж буйгаа, Хааны ордон болоод Дуурийн театр гадаад улс орны үйл ажиллагааг нэн ховор хүлээн авдаг, өндөр шалгууртайг тэмдэглээд үүнд бүрэн дүүрэн нийцэж хамтран ажилласан Монгол Улсын Морин хуурын чуулгад болон хамтын хүчин чармайлтаар өндөр түвшинд зохион байгуулсанд Элчин сайд У.Нямхүү, Элчин сайдын яамны хамт олонд болон дэмжигч талуудад дахин баяр хүргэж, талархаж буйгаа хариу илэрхийлэв.
Энэхүү уулзалтаар талууд цаашид хоёр орны урлаг, соёлын хамтын ажиллагаа, ялангуяа музей, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах, музейн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, цэцэрлэгжилтийн мэргэжилтэн сургах, туршлага хуваалцах, Версалийн Дуурийн театрын чуулгыг Монгол Улсад тоглуулах зэрэг тодорхой чиглэлээр 400 жилийн түүхтэй Версалийн Хааны ордонтой хамтран ажиллах боломжууд байгааг ярилцаж, ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаар тохиров.
Версалийн Хааны ордны Дуурийн театрт тоглосон энэхүү концерт нь UNESCO-ийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгэгдсэн Морин хуур хөгжмийг хөхиүлэн дэмжих, Монгол орон, монгол өв соёлыг олон улсад түгээн таниулах эрхэм үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу аялал жуулчлал, соёл, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.