Монголын Хөлбөмбөгийн холбоо ойролцоогоор 8-10 тэрбум төгрөгийн санхүүжилт олдог байна. Уг санхүүжилтийн захиран зарцуулалтын талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд тус холбооны удирдлагууд тамирчдын цалинг тавьж чадахгүй нөхцөл байдалд хүргэж буй талаар мэдээлэл гараад байгаа юм.
Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул Монголын Хөлбөмбөгийн холбоонд төсөв санхүүжилтийн тайлангаа нээлттэй тавих, клубүүдийн нөөц бололцоог хангаж өгөхийг шаардсан мэдэгдэл өнгөрсөн гуравдугаар сард хүргүүлжээ.
Уг асуудлаар Монголын Хөлбөмбөгийн холбооноос дараах мэдээллийг хийв.
Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж:
-Монголын Хөлбөмбөгийн холбоо 2023 оны төсвийн орлогын төсөөллөөр 10,8 тэрбум төгрөгийг баталсан байна. FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбоо, AFC буюу азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилтийн урсгал бүрддэг. Энэ жил олон улсын хөлбөмбөгийн холбооноос 1,2 сая доллар, азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган долларын санхүүжилт авсан. Одоогийн байдлаар нийтдээ 6 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Гаднаас орж ирж буй бүх хөрөнгийг мэргэжлийн хөлбөмбөгийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Бусад зардлыг маркетинг, хандив тусламжаар орж ирж буй хөрөнгөөр зохицуулдаг.
Хөлбөмбөгийн клубүүдийн мэдэгдэл нийгэмд сенсаци тарих гэсэн оролдлого гэж харж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо удирдах зөвлөлөө гурван сарын өмнө шинэчилсэн. Тухайн үеийн удирдах зөвлөл мэдэгдэл ирсний дараа хуралдаад төсөвт тодотгол оруулах тогтоол гаргасан. Тогтоолоор клубүүдийн хүссэн санхүүжилт болон шагнал урамшууллыг нэмэгдүүлэх болсон. Ингээд тэмцээний зохион байгуулах шагнал урамшууллын хэсгийг 1 тэрбум 700 мянга болгож нэмэгдүүлсэн. Гаднаас орж ирсэн санхүүжилтийг бүрэн Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаанд зарцуулдаг нь тайлангаар тогтоогдож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.