Нэг гэр бүлийн долоон хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. Иймд НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв.
НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан:
-Нийслэлийн нутаг дэвсгэрт 1400 гаруй гал түймэр гамшиг ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 80 гаруй хувийг гал түймрийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Тэр дундаа ахуйн гал түймрийн дуудлага ихээр бүртгэгдэж байна. Голчлон цахилгааны аюулгүй байдал, үнс нурмаа ил задгай үлдээх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй цоожилж орхих, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс энэ төрлийн гал түймэр ихээр гарч байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд галын аюулаас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт шалгалт зохион байгуулсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэр хорооллын 20,000 айл өрхөд гаруй зөвлөмж өгч, үзлэг шалгалт хийхэд 6,200 зөрчлийг илрүүллээ. Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч, 50 гаруй хувийг газар дээр нь арилгууллаа. Одоо нийслэлийн есөн дүүргийн алба хаагч нар Хан-Уул дүүргийн айл өрхүүдээр үзлэг шалгалт хийж байна.
Өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүрэгт хоёр айлд гал түймэр гарч хоёр иргэн, өнгөрсөн шөнө нэг айлд долоон хүн гал түймэрт амиа алдсан харамсалтай явдал болсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан.
Байшинд 11 хүн байснаас таван иргэн эсэн мэнд гарч, долоон иргэн амь насаа алджээ. Одоогийн байдлаар НЦУГ болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байна. Хэргийн газрын үзлэгт цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тиймээс юунаас, яагаад гэдэгт хариулах боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.