СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар тамхи хилээр нэвтрүүлсэн Нигерийн иргэнд хөнгөн ял шийтгэсээр байх уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахиж хэлэлцэн ял шийтгэл ногдууллаа.

Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт 2019 оны нэгдүгээр сард хилээр мансууруулах бодис нэвтрүүлж, худалдах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт яллагдагчаар татагдан, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан нэгэн. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааснаар эл нигери эр 2020 оны наймдугаар сард дахин хар тамхи хилээр нэвтрүүлэн хүлээн авч, худалдахаар хадгалсан хэрэгт холбогдсон юм.

Түүнтэй хамт Б.Баярцэнгэл гэх залууг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэргийг хэлэлцээд хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хэрэгсэхгүй болгож, борлуулах зорилгоор мансууруулах бодис олж авч, хадгалсан гэм буруутай гэж дүгнэн Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэж байв. Уг нь Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж борлуулах нь тодорхой. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн зургаадугаар сард анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Адекола Олавасен Азеезид мансууруулах бодис борлуулах зорилгоор олж авч, хадгалсан хэрэгт нь хоёр жил зургаан сар хорих, эл бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь 20 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Улмаар торгох ялыг хоригдсон хугацаанд нь оруулан уг ялыг эдэлсэнд тооцоод, нийт хоёр жил зургаан сарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүний хамсаатан Б.Баярцэнгэлийн зорчих эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ял шийтгэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.