Нийгэмд хэлэлцүүлэг болж өрнөөд байгаа НӨАТ-ын урамшууллыг нэмэгдүүлэх болон Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах эсэх зэрэг асуудлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
Тэрээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2018 онд Татварын багц хуулийг хэлэлцэж байх үед НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар саналаа илэрхийлж байсан ч тухайн үед шийдэлд хүрээгүй. Энэ удаад татварын бааз суурийг өргөтгөх, шударгаар бүгд татвар төлдөг байх оновчтой татварын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд НӨАТ-ын урамшууллыг 2 хувиас 5 хувь болгох 100 мянган иргэн дэмжсэн саналыг УИХ, ЗГ-ын түвшинд хэлэлцэх хэрэгтэй. Нэмж болно, болохгүй гэхээсээ илүү ямар хувь хэмжээ байвал зохистой юм, хэзээнээс яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар зөвшилцөх нь зөв жишиг гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Үүнээс гадна D-өргөдөл цахим системээр Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах гэсэн саналыг иргэн гаргасныг 53 мянган иргэн дэмжиж саналаа өгснөөс гадна ажил олгогчдын хувьд энэ асуудлыг удаа дараа хөндөж байсан билээ. Тэгвэл МҮЭХ энэ саналыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь өнөөдрийн хөдөлмөр эрхлэж байгаа иргэний ирээдүйн баталгаа болгож төлдөг шимтгэлийн хувь хэмжээг буурбал тухайн иргэний маргаашийн амьдралын баталгаанд эрсдэл учирна гэж харж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.