Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 1-нээс хойш нийт 189 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон тухай дуудлага бүртгэгджээ. Гэрээсээ гараад сураггүй болсон хүүхдүүд ихэвчлэн 13-15 насны өсвөр үеийн хүүхдүүд байна. Алга болсон хүүхдүүд 1-4 цагийн дотор, зарим тохиолдолд 24-72 цагийн дараа олддог байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхэд бүрээс болсон асуудал, гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог байна.
Шалгалтын явцад ихэнх тохиолдолд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутмаг, гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, найз нөхдийн буруу үлгэр дуурайлалд автсан, үерхдэг найз залуу, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн зэрэг шалтгаан нөхцөл тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагын 102 утсанд хүүхэд алга болсон талаарх дуудлага ирснээс хойш улсын хэмжээнд цагдаа дотоодын цэргийн бүх алба хаагчдад тухайн хүүхдийн мэдээллийг хүргэж эрэн сурвалжлах ажлыг түргэн шуурхай зохион байгуулдаг.
Хүүхдийг эрэн сурвалжилж олж тогтоосны дараа холбогдох албаны мэргэжилтнүүд эцэг эхчүүдтэй холбоо тогтоон дахин алга болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Мөн коллеж, ЕБС-ийн сурагчдад, сургуулийн нийгмийн ажилтнуудын хамт болзошгүй гэмт хэрэг зөрчилд өртөж холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.